Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “Эс Жи Эйпс” баг Өмнөд Солонгосын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг (KBL)-ийн “Сөүл Самсунг Тандерс” багтай нөхөрсөг тоглолт хийхээр болжээ.
Тоглолт 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын “М Банк Арена” спортын ордонд болох бөгөөд Монголын сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан онцлох тоглолтуудын нэгээр нэрлэгдэж байна.
Энэ тоглолт хоёр орны клубүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна Монголын хөгжөөн дэмжигчдэд Азийн хүчирхэг лигийн багийг эх орондоо үзэх боломжийг олгож буйгаараа онцлог юм. Мөн Монголын баг олон улсын түвшний өрсөлдөгчтэй хүч сорих нь тоглогчдын ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн Өмнөд Солонгосын “Сөүл Самсунг Тандерс” багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн тоглогч Болдсүх хүчин зүтгэдэг. Түүнд ч эх орондоо, монгол хөгжөөн дэмжигчдийн өмнө дахин тоглох боломж бүрджээ.
“Сөүл Самсунг Тандерс” KBL-ийн уламжлалтай, хүчирхэг клубүүдийн нэг бөгөөд олон удаагийн плэй-оффын оролцогч, Солонгосын сагсан бөмбөгийн нэр хүндтэй багуудын тоонд зүй ёсоор багтдаг.
Харин “Эс Жи Эйпс” баг сүүлийн жилүүдэд Монголын Үндэсний дээд лигт тогтмол өрсөлдөх чадвараа харуулж, хөгжөөн дэмжигчдийн хүрээгээ тэлсээр байгаа билээ.
Монгол, Өмнөд Солонгосын клубүүдийн энэхүү нөхөрсөг тоглолт спортын өрсөлдөөнөөс гадна хоёр улсын сагсан бөмбөгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох ач холбогдолтой арга хэмжээ болох нь ээ.