Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмон Монгол Улсад долдугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Энэ үеэр "Тажикистаны соёлын өдөр" болж, хүндэтгэлийн тоглолт, дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн үзэсгэлэн зохион байгуулах юм байна.

Нийслэлийн Соёлын төв өргөөнд долдугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас болох тус арга хэмжээ хоёр орны найрсаг харилцаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Тажикистаны үндэсний урлаг, түүх, өв соёлтой танилцах боломжийг үзэгч олонд бүрдүүлж байгаагаараа онцлог ажээ.

Хүндэтгэлийн тоглолтод Тажикистаны симфони найрал хөгжим, "Зебо", "Джахоноро" бүжгийн чуулга, гавьяат жүжигчид оролцож, нийт 18 хөгжим, бүжгийн үзүүлбэр толилуулах юм байна.

Уран зургийн үзэсгэлэнд Тажикистан улсын 17 уран бүтээлчийн 32 бүтээл дэлгэгдэх бөгөөд тосон болон акрилан будаг, усан будаг, гобелен, уламжлалт "Кундаль" чимэглэлийн урлаг зэрэг олон төрлийг хамарчээ.

Тажикистаны соёлын өдрийн арга хэмжээг иргэд үнэ төлбөргүй үзэж болох юм байна.