Хорт хавдар үүсэхэд ганцхан хүчин зүйл нөлөөлдөггүй. Удамшил, халдвар, вирус, хүрээлэн буй орчны болон химийн бодисын нөлөө, амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйл хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ийм' хэн ч хорт хавдраас 100 хувь хамгаалагдана гэж хэлэх боломжгүй. Гэхдээ эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулах олон арга бий.
"Люминис" эрүүл мэндийн төвийн Цацраг туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, Жонс Хопкинсийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн туслах профессор, доктор Амар Ревари "Хооллолт нь хорт хавдраас сэргийлэхэд маш чухал үүрэгтэй.
Гэхдээ энэ нь тамхи татах, таргалалт, хөдөлгөөний дутагдал, архины хэрэглээ, халдвар, удамшил, хүрээлэн буй орчны нөлөө зэрэг бусад хүчин зүйлстэй хамт авч үзэх ёстой нэг хэсэг юм.
Судалгаагаар олон төрлийн хорт хавдраас эрүүл амьдралын хэв маягаар урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд хооллолт нь өөрчилж болох хамгийн чухал эрсдэлт хүчин зүйлсийн нэг гэж үздэг" хэмээн онцолжээ.
Эрүүл хооллолт хорт хавдрын эрсдэлийг 30-40 хувиар бууруулдаг
Шинжлэх ухааны судалгаагаар, эрүүл хооллолт, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлснээр хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 30-40 хувиар бууруулах боломжтойг тогтоожээ.
Ихэнх хүмүүсийн мэддэгээр жимс, хүнсний ногоо их хэрэглэх, ургамлын гаралтай уураг түлхүү хэрэглэх, өөх тос багатай мах сонгох, элсэн чихэр, давс, хэт боловсруулсан хүнсний хэрэглээг багасгах нь хорт хавдраас хамгаалахад тустай. Гэвч хүмүүсийн тэр бүр анхаардаггүй нэг зүйл бол өдөр бүр хоолондоо хэрэглэдэг тос юм.
Тосыг хоолонд бараг өдөр бүр хэрэглэдэг учраас урт хугацаандаа эрүүл мэндэд, тэр дундаа хорт хавдрын эрсдэлд нөлөөлөх боломжтой байдаг.
Хорт хавдраас сэргийлэх сайн тос
"Parade" сэтгүүл хавдар судлаач гурван эмчээс хамгийн их хэрэглэдэг хоолны тосыг нь асуухад бүгд ижил хариулт өгчээ.
Хавдар судлаач, доктор Эзекиел Эмануэль "Extra virgin olive oil бол хоол хийхэд ашиглаж болох маш сайн тос" гэж хэлсэн байна.
"PLoS One" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, өдөр бүр extra virgin olive oil хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдраар өвчлөх эрсдэл 31 хувиар бага байдгийг тогтоожээ.
Яагаад ашигтай вэ?
Доктор Амар Реваригийн тайлбарласнаар, оливын тос антиоксидантаар баялаг, ханаагүй тосны хүчил ихтэй. Эдгээр нь үрэвслийг бууруулдаг эсийн исэлдэлтийг багасгадаг. Харин архаг үрэвсэл нь хавдрын эс үүсэх, өсөхөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг юм.
Авокадоны тос ч мөн сайн сонголт
Доктор Ревари зарим үед авокадоны тос хэрэглэдэг аж. Авокадоны тос мөн антиоксидант ихтэй, ханаагүй тосны хүчлээр баялаг учраас оливын тостой төстэй ашиг тустай гэжээ.
Канола тосыг буруугаар ойлгодог
Доктор Эмануэль хэрэв илүү хямд үнэтэй, амт үнэр багатай тос хэрэглэхийг хүсвэл канола тосыг зөвлөжээ. Тэрбээр "Канола тосыг хүмүүс үндэслэлгүйгээр муу гэж ярьдаг. Үнэндээ энэ бол маш сайн тос" гэж хэлсэн байна.
Канола тос нь антиоксидант агуулдаг, ханаагүй тосны хүчилтэй, холестериныг бууруулдаг, инсулинд мэдрэг байдлыг сайжруулдаг. Мөн судалгаагаар канола тос тогтмол хэрэглэдэг хүмүүс эрдэнэшишийн тос хэрэглэдэг хүмүүсээс зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байдаг ажээ.
Тосыг хэрхэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй вэ?
Хавдар судлаачдын хэлснээр өөрөө хорт хавдар үүсгэдэг тос гэж байхгүй. Харин тосыг буруу ашиглах нь эрсдэл дагуулдаг. Тэр нь тосыг олон дахин халааж, гүн тосонд шарах аж.
Доктор Эмануэль хэлэхдээ канола тос, ургамлын тосыг хүмүүс муу гэж ярьдаг нь тосноос биш, харин олон дахин халааж хэрэглэдгээс болдог. Тосыг өндөр температурт дахин дахин халаах үед тосны молекулын бүтэц өөрчлөгдөж, эрүүл мэндэд сөрөг нэгдлүүд үүсдэг.
Доктор Гари Дэнгийн тайлбарласнаар, тосыг дахин халаахад полициклик ароматик нүүрсустөрөгч (PAHs)
альдегид, тосны исэлдэл үүсдэг байна. Эдгээр бодис нь хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой аж. Энэ нь зөвхөн ургамлын тос биш, оливын тосыг ч дахин дахин өндөр температурт халаавал адилхан эрсдэлтэй болдог байна.
Доктор Ревари мөн "Тосыг маш өндөр температурт олон удаа халаахад үрэвсэл болон исэлдэлтийн стрессийг нэмэгдүүлдэг нэгдлүүд бий болдог. Мөн гүн тосонд шарсан хүнс ихэвчлэн илчлэг өндөр, таргалалт үүсгэдэг. Харин таргалалт нь өөрөө олон төрлийн хорт хавдрын батлагдсан эрсдэлт хүчин зүйл юм.
Тиймээс ямар тос хэрэглэж байгаагаас илүүтэй нийт хооллолтын хэв маяг болон хоол боловсруулах арга хамгийн чухал" гэж онцолжээ.
Эрүүл хоол хийх хамгийн зөв арга
Хавдар судлаачид дараах аргуудыг зөвлөж байна. Үүнд:
- Хайруулын тавганд бага тосоор хуурах (sauté)
- Жигнэх
- Шарах шүүгээнд болгох
- Тосгүй шарагч (Air Fryer) ашиглах
Тосгүй шарагч нь маш бага тос хэрэглэн гадаргууг шаржигнуур болгож чаддаг тул уламжлалт гүн тосонд шарахаас илүү эрүүл сонголт болдог байна.
Эх сурвалж: PARADE