БНХАУ-ын Шэньжэнь хотод болж буй Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнд Азийн 32 орны 900 гаруй өсвөрийн шатарчин зургаан насны ангилалд өрсөлдөж байна.
Монгол Улсаас энэ удаагийн тэмцээнд 23 шатарчин эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд тэмцээний рапид төрлийн медальтнууд өчигдөр тодорчээ.
Манай тамирчдаас өсвөрийн улсын дөрвөн удаагийн аварга, ДАШТ болон Дэлхийн цомын хүрэл медальт, сурагчдын Азийн хошой аварга, "Сүү" ХК, "Босоо ноён" клубын тамирчин, кандидат мастер И.Цэлмүүн амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн байна.
Тэрбээр охидын 12 хүртэлх насны (U12) ангилалд долоон өрөг тоглохдоо зургаад нь ялалт байгуулж, нэг удаа ялагдсан амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ.
Өнөөдрөөс Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн буюу стандарт төрлийн тоглолтууд эхэлж, Монголын шатарчид медалийн төлөө өрсөлдөж байна.