Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 64 бөхийн допингийн шинжилгээний хариу үе шаттайгаар ирж эхэллээ.
Үндэсний их баяр наадмын хорооны Бөхийн салбар хорооны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 64 бөхийн 63-ынх нь шинжилгээний эцсийн хариу ирж, хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Харин нэг бөхийн сорьцын шинжилгээ Германы лабораторид үргэлжилж байгаа аж.
Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба энэ талаар мэдээлэхдээ "Нэг бөхийн шинжилгээний хариу хараахан ирээгүй байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш. 2026 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд оролцсон шөвгөрсөн 64 бөхөөс авсан сорьцыг Германы Дрезден хот дахь Спортын анализ болон Спортын биохимийн хүрээлэнд шинжилсэн.
Долдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт ирсэн эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дууссан бөгөөд бүгдээс нь хориглосон бодис, хориглосон арга, метаболит болон маркер илрээгүй. Үлдсэн нэг сорьцын шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд лабораторийн албан ёсны эцсийн хариу ирсний дараа олон нийтэд мэдээлнэ" хэмээн онцоллоо.
Наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний сорьцыг долдугаар сарын 13-нд Германы Дрезден хотын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн бөгөөд ердөө хоёр хоногийн дараа эхний хариунууд иржээ. Энэ нь үндэсний бөхийн барилдаанд допингийн шинжилгээ авч эхэлснээс хойш хамгийн богино хугацаанд шинжилгээний үр дүнг танилцуулж буй тохиолдол болж байгаагаараа онцлог юм.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар нийт 23 шинэ цолтон төрсөн бөгөөд үүнд 1 даян аварга, 1 арслан, 1 гарди, 3 заан, 3 харцага, 14 начин цол хүртсэн билээ.