Поп хөгжмийн хатан хаан хэмээн нэрлэгддэг Бритни Спирс дахин хүүхэдтэй болох тухайгаа нууцлаг байдлаар сануулсан байж магадгүй талаар түүний шүтэн бишрэгчид таамаглаж эхэлжээ.
Өдгөө 44 настай дуучин одоогийн байдлаар жирэмсэн гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй ч ойрын ирээдүйд дахин нэг хүүхэдтэй болох хүсэлтэй байгаагаа өмнө нь ч илэрхийлж байсан аж.
Бритни Спирс пүрэв гаргийн өглөө өөрийн Instagram хуудастаа шинэ пост оруулсан бөгөөд фэнүүдийнх нь анхаарлыг шууд татжээ. Учир нь, түүний нийтэлсэн зургуудын нэгэнд нярай хүүхдийн хувцас, хэрэглэлүүд байсан аж.
Зураг дээр “Phoenix has arrived” (“Финикс ирлээ”) гэсэн бичигтэй нярайн боди, сүлжмэл живхний өмд, ягаан өнгийн малгай, ганц эвэрт морьтой жижиг үүргэвч зэрэг хүүхдийн эд зүйлс харагдсан байна.
Ялангуяа зурагт давамгайлсан ягаан өнгө нь олон хүний анхаарлыг татаж, зарим фэнүүд Бритни энэ удаа охинтой болох хүсэл, эсвэл төлөвлөгөөгөө илэрхийлсэн байж магадгүй гэж таамаглажээ.
Бритни Спирс өмнө нь хуучин нөхөр Кевин Федерлайнтай гэр бүл байхдаа хоёр хүүтэй болсон бөгөөд тэдний нэрийг Шон Престон, Жейден Жеймс гэдэг. Тиймээс зарим шүтэн бишрэгчид “Тэр хоёр хүүгийн дараа охинтой болох гэж байгаа тухайгаа хэлж байгаа юм биш үү" хэмээн таамагласан байна.
Бритнигийн нууцлаг зурвас
Хүүхдийн хувцасны зургаас гадна Бритни өөрийн болон хүүгийнхээ бага насны үеийн зураг зэрэг хэд хэдэн зургийг нийтэлжээ. Тэр постныхоо тайлбарт “Хэрэв та азтай бол би та бүхэнд танилцуулахыг үнэхээр хүсэж байгаа гайхалтай үзэсгэлэнтэй нэгэн байгаа. Энэ жил багтаад танилцуулна гэж найдаж байна. Хэрэв үгүй бол хамгийн үзэсгэлэнтэй зүйлс хэзээ ч харагдахгүй” хэмээн бичсэн байна.
Мөн тэр “Юу ч тохиолдсон бай… маш ойрхон байгаа ч айдаст хэт удаан амьдарсан мэт санагдана. Чимээгүй байдал дунд би өөрийгөө олдог. Гэхдээ тэнд шинэ эхлэл бий” гэсэн утгатай нууцлаг үгсийг нэмж бичжээ. Гэвч түүний энэ тайлбар олон хүнд ойлгомжгүй, бэлгэдэл ихтэй санагдсан байна.
Фэнүүдийн өөр өөр таамаг
Бритнигийн пост гарсны дараа олон нийтийн сүлжээнд янз бүрийн таамаг өрнөжээ. Зарим хүмүүс үүнийг гурав дахь хүүхдийн тухай дохио гэж үзсэн бол зарим нь өөр тайлбар дэвшүүлсэн байна.
Reddit-ийн нэг хэрэглэгч “Магадгүй энэ нь мальтипу үүлдрийн шинэ гөлөг байх” гэж таамагласан бол, бусад нь “Шинэ хүүхэлдэй байж магадгүй”, “Би түүнийг эмээ болох гэж байна гэж ойлгосон”, “Ач, зээтэй холбоотой эсвэл түүний дуртай бодит мэт харагддаг хүүхэлдэйнүүдийн нэг байж болох юм” гэжээ.
“Бритнигийн хэлснийг ойлгоход хэцүү байна” гэх фэнүүд
Зарим шүтэн бишрэгчид түүний бичсэн тайлбарын утгыг ойлгоход бэрх байгааг хэлжээ. Нэг хэрэглэгч “Хэн нэгэн үүнийг надад тайлбарлаж өгөөч. Би тайлах түлхүүрээ алдчихсан юм шиг байна” хэмээн хошигносон байна.
Өөр нэг нь “Түүнийг Йода шиг ярьж эхлэх үед үнэхээр сонирхолтой санагддаг” гэж бичсэн бол, зарим нь “Эхний өгүүлбэрээс хойших хэсэг нь бүхэлдээ ойлгомжгүй байна” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.
Бритни дахин хүүхэдтэй болох хүсэлтэй гэдгээ өмнө нь ч хэлж байсан
Энэ нь Бритни Спирс дахин хүүхэдтэй болох талаар бичсэн анхны тохиолдол биш аж. Өнгөрсөн "Аавуудын өдөр"-өөр тэр жижиг гитар барьсан бичлэг нийтэлж, дараах тайлбарыг хийсэн байна:
Тэр “Энэ бол миний хувьд маш сэтгэл хөдөлгөм өдөр. Гитарууд надад бяцхан харь гаргийн хүүхдүүдийг санагдуулдаг. Түүний зөөлөн чавхдас, хөгжим бол тэнгэр элчүүдийн хэл гэж ярьдаг. Би энэ гитарыг Мексикээс нэг өдөр дахин хүүхэдтэй болох найдвараар худалдаж авсан” гэжээ.
Одоогийн байдлаар Бритни Спирс жирэмсэн болсон, эсвэл хүүхэдтэй болох гэж байгаагаа албан ёсоор зарлаагүй байгаа аж. Гэхдээ түүний сүүлийн үеийн нууцлаг постууд фэнүүдийнх нь дунд “Бритнигийн амьдралд шинэ, сайхан зүйл ирж байна уу?” гэсэн хүлээлт үүсгээд буй юм байна.
Попын гүнжийн дараагийн мэдээ юу байх бол гэдгийг дэлхий даяарх шүтэн бишрэгчид нь анхааралтай ажигласаар байгаа аж.
Эх сурвалж: PARADE