Солонгос улсад эцэг эхийнхээ хамт ирж, 10 жилийн турш амьдарсан 16 настай монгол хүү тархины үхэлтэй болсны дараа эрхтэнүүдээ донор болгон хандивлаж, таван хүнд шинэ амьдрал бэлэглээд хорвоог орхижээ.
БНСУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах, эрхтэн хандивлах агентлагийн мэдээлснээр, Монгол Улсын иргэн Ли Тэ У (төрсөн нэр нь Отгон Санжмятав) өнгөрсөн зургадугаар сарын 11-нд Солонгосын Их Сургуулийн Гуро эмнэлэгт зүрх, хоёр уушги, элэг болон хоёр бөөрөө хандивласнаар нийт таван өвчтөнд шинэ амьдрал бэлэглэсэн байна.
Тэрээр зургадугаар сарын 3-нд зам тээврийн осолд орсон байна. Яаралтай мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн ч ухаан оролгүй, улмаар тархины үхжилд хүрчээ.
Түүний гэр бүлийнхэн Тэ Угийн амьд ахуйдаа бусдад үргэлж тусалж, өглөгч нинжин сэтгэлтэй байсан зан чанарыг нь хүндэтгэн, эрхтэнийг нь хандивлахаар шийдвэр гаргасан байна.
Тэ У 2010 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод төрсөн бөгөөд зургаан настайдаа, арван жилийн өмнө эцэг эхийнхээ хамт БНСУ-д нүүж очжээ.
Тэрээр Солонгост цэцэрлэг, бага, дунд сургуулиа төгсөж, ахлах сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байсан аж. Солонгос улсыг өөрийн гэр орон мэт хайрладаг байсан бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр Солонгосын шигшээ багийг чин сэтгэлээсээ дэмжиж, төрийн дууллыг нь ч төвөггүй дуулдаг байжээ.
Тэр сэргэлэн, эрч хүчтэй хүүхэд байсан бөгөөд төрөл бүрийн спортоор хичээллэх дуртай, ирээдүйд Солонгост өөрийн гэсэн бизнес эхлүүлэх мөрөөдөлтэй байжээ.
Найз нөхөддөө үргэлж халамжтай, нийтэч зангаараа танигдсан Тэ У ахлах сургуульд элссэнийхээ дараа ангийн даргаар хүртэл сонгогдож байсан байна.
Түүнийг эцсийн замд нь үдэх оршуулгын ёслолд 100 орчим найз, багш нар нь хүрэлцэн ирж, нулимс дуслуулан салах ёс гүйцэтгэжээ.
Түүний ээж Ли Сүн И хүүтэйгээ сүүлчийн удаа салахдаа:
"Би Тэ Уд зөвхөн хайр өгсөн биш, харин түүний ачаар өөрөө ч маш их хайр хүлээн авч, үнэхээр аз жаргалтай амьдарсан"
хэмээн хэлээд,
"Монголд 'Тэнгэрт хальсан сүнс нэгэн өдөр гэр бүлийнхээ энгэрт дахин төрж ирдэг' гэсэн сайхан үг байдаг. Миний хүү хэзээ нэгэн цагт манай гэр бүлд дахин ирнэ гэдэгт би итгэдэг"
хэмээн сэтгэлийн үгээ үлдээжээ.
Энэ бол олон хүний амийг аварсан, энэрэнгүй сэтгэлийн үнэ цэнийг харуулсан гунигтай ч бахархам түүх юм. Тэ У хүүгийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Түүний гэгээн дурсгал мөнхөд орших болтугай.
Эх сурвалж: SBS NEWS