"Монголын нууц товчоо"-г судлах эрдэм шинжилгээний 160 гаруй жилийн түүхэнд судлаач Ж.Соёмбо тагнуул, аюулгүй байдлын шинжлэх ухааны цоо шинэ чиглэлийг нээж, түүхэн судалгаанд томоохон хувь нэмэр орууллаа. Тодруулбал,

Их Монгол Улсын бат бөх байдлын нууцыг тагнуулын ухаан, стратегийн сэтгэлгээ болон мэдээлэлд суурилсан төрийн удирдлага талаас шинжлэн судалж, дэлхийн монгол судлалын салбарт энэ чиглэлийн анхдагч судлаач болсон юм.

Ж.Соёмбын туурвисан "Чингис хааны тагнуулын нууц товчоо" бүтээл зөвхөн дотоодын төдийгүй олон улсад өндөр үнэлгээ авч байна.

Тус бүтээлийг Иран, Казахстан, БНСУ, БНХАУ, АНУ, ОХУ зэрэг улс орнуудад зохион байгуулагдсан олон улсын номын үзэсгэлэнгүүдэд амжилттай танилцуулсан нь Чингис хааны түүхэн үйл ажиллагаа, Их Монгол Улсын төрийн бодлогын талаарх олон улсад хэвшмэл болсон нэг талыг барьсан ойлголтыг эвдэж, стратегийн өндөр ур чадвар, ухаалаг төрийн удирдлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхий нийтэд сурталчлан таниулсан чухал ач холбогдолтой ажил болсон.

Уг бүтээл түүхийн үнэнийг шинэ өнцгөөс нээж, Монгол Улсын түүхэн бахархал, оюуны өвийг дэлхий дахинд дахин нотлон харуулж буйгаараа онцлог юм.

"Чингис хааны тагнуулын нууц товчоо" бүтээл 2026 оны 7 дугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Конгрессын номын сангийн албан ёсны каталогид бүртгэгдсэн байна.

"Чингис хааны тагнуулын нууц товчоо" бүтээлийн талаар хэн юу хэлэв? 

КОГА ИСЭЙ: ЧИНГИС ХААНЫГ МЯНГАНЫ СУУТ ХҮН ГЭДГИЙГ ДЭЛХИЙД ДАХИН ТУНХАГЛАЛАА

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга асан Кога Исэй Монгол Улстай албан болоод хувийн шугамаар холбогдсоноос хойш 25 гаруй жилийг үджээ. Одоо ч мөн Япон Монгол хоёр улсын соёл, эдийн засгийн харилцааны талаар ухаан бодлоо уралдуулан сууна.

Хязгаар нь үл харагдах уудам тал нутгаар давхих бүрт “Чингис хаан юуг эрэлхийлэн байж хүн төрөлхтний хэн ч үл хүрэх Их эзэнт гүрнийг байгуулсан юм бол?” хэмээн боддог байв.

Харин “Чингис хааны тагнуулын нууц товчоо” хэмээх бүтээл тэрхүү нууцыг надад тайлж ойлгуулсан юм. Тэр нууцын түлхүүр бол “мэдээлэл”.

Энэхүү ном нь Чингис хааны сургааль, шударга үнэнд тулгуурлан “мэдээлэл гэж юу болох”, “мэдээлэлд суурилан төр төвхнүүлэх арга ухаан” ямар байхыг тод харуулжээ. Богино долгионоор сүлжилдэн урсах тоо томшгүй мэдээ, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргахдаа тоног төхөөрөмж ашиглах болсон энэ үед “хүний нийгэмд мэдээлэл гэж юу вэ” гэдгийг асуун сэрээсэн бүтээл гэж ч хэлж болох юм.

Мэдээллийн урсгал асар цөөн байсан 800 жилийн тэртээ нүүдэлчдийн нийгэмд Чингис хаан ийнхүү “мэдээ” хийгээд “мэдээлэл хүргэх” ухааныг тунгаан бодон, систем (тогтолцоо) болтол хөгжүүлсэн түүнийг үнэхээр “Мянганы суут хүн” хэмээн дахин алдаршуулсан бүтээл болжээ.

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НЫ ГҮНД НУУГДСАН ҮНЭТ ЭРДЭНЭСИЙГ НЭЭН ХАРУУЛЖЭЭ

Австралийн Күйнсландын их сургуулийн судлаач, сэтгүүл зүйн багш, Австралийн ABC телевизийн Гадаад сурвалжлагч, Канадын CBC ба Австралийн ABC агентлагийн ахлах продюсер асан

БРЮС ВҮҮЛИ: 

-Энэ гайхамшигт түүхэн судалгааны бүтээл зөвхөн Монгол судлалын мэргэжилтнүүдийн хүрээнд бус, илүү өргөн хүрээнд дэлхийн түвшинд уншигчдын хүртээл болж буйд баяртай байна.

Тансаг хавтас, гоёмсог зураг, XIII зууны эх хэлний тансаг уран яруу найруулга бүхий хуудас бүрээс уншигчид шинэ мэдлэг, сэтгэл хөдөлгөм түүхийг олж авах нь олзуурхууштай.

Номын гарчиг нь анхны эх сурвалж болох “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн бөгөөд энэхүү түүхэн сурвалжийг ихэнх судлаачдын үзэж буйгаар Чингис хаан таалал төгссөний дараа, 1228 оны үед нэр нь үл мэдэгдэх зохиогч бичсэн гэж үздэг. Уг бүтээлд Чингис хааны амьдрал, байлдан дагуулалт, тухайн үеийн нүүдэлчин ахуй, Монгол төрт ёс зэргийг маш тод, томруунаар дүрсэлсэн байдаг.

Харин энэхүү шинэ ном нь “Монголын нууц товчоо”-ны гүнд нуугдсан үнэт эрдэнэсийг нээн харуулжээ. Тухайлбал, Чингис хааны төрөлхийн тагнуулч, сөрөг тагнуулын авьяас, цэрэг дайны ур чадвар, нөхөр, анд нөхөддөө туйлын үнэнч, өгөөмөр байж чаддаг, харин дайсан болон урвагчдад хатуу шийтгэл үзүүлдэг зан чанарыг гүн гүнзгий дүрслэн гаргасан байна.

Түүнчлэн тэр үеийн “хүн төвт сэтгэлзүйн судалгаа”, “нөхцөл байдлын дүн шинжилгээ" зэрэг гярхай суу ухааныг судлаачид онцлон гаргаж ирсэн нь сайшаалтай. Энэ бол өргөн хүрээтэй, гүн гүнзгий судалгаанд тулгуурласан түүхэн бүтээл боловч зарим хэсэг нь Жон Ле Каррегийн бүтээлүүдийг санагдуулам орчин үеийн тагнуулын роман, сэтгэлзүйн өгүүллэгийн хэв маягаар бичигдсэн байна.

Тус ном нь дэлхийн өнцөг булан бүрийн орчин үеийн уншигчдад нэгэн чухал үнэнийг хүргэхэд чиглэж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний дээдлэн шүтдэг энэ эгэл бус хүн хэрхэн дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн уудам, нэгэн цул эзэнт гүрнийг байгуулж чадсан ухааныг дэлхий дахинаа нэгэн шинэ өнцгөөр таниулж буй нь гайхамшиг юм.

Улмаар ‘Чингис хааны тагнуулын нууц товчоо" бүтээл англи хэлнээ төгс орчуулагдан, дэлхийн уншигчдын хүртээл болж буй нь Монгол судлал болон дэлхийн түүхийн судалгаанд чухал ач холбогдол бүхий үйл явдал болж байна.

"ЧИНГИС ХААНЫ ТАГНУУЛЫН НУУЦ ТОВЧОО” БОЛ МЯНГАНЫ СУУТ УДИРДАГЧИЙН
ДЭЛХИЙ ДАХИНЫ НОЁРХЛЫН МӨН ЧАНАРЫГ ОЙЛГОХ ГОЛ ТҮЛХҮҮР

МАВЛОН БОБОХОНОВ (Самаркандын УИС-ийн профессор)

-Чингис хааны "тагнуулын нууц товчоо бүтээл дэлхийн хоёрдугаар мянганы суут удирдагчийн дэлхий дахины ноёрхлын мөн чанарыг ойлгох гол түлхүүр гэдгийг итгэл төгс нотолж чаджээ. Тодорхой, ойлгомжтой хэл найруулгатай, олон жишээгээр баяжуулсан энэхүү ном нь монгол судлалын мэргэжилтнүүд төдийгүй түүхчид, соёл судлаачид, эрх мэдэл, стратеги, эзэнт гүрэн байгуулах тогтолцоог сонирхогч өргөн уншигчдад сонирхолтой байх нь дамжиггүй юм.