Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий хагас шигшээд Английн шигшээг 2:1-ийн харьцаатайгаар буулган авч, гайхалтай эргэн ирэлт хийснээр финалд шалгарлаа. Өмнөд Америкийн төлөөллийн ахлагч, довтлогч Лионель Месси багийнхаа хоёр гоолын аль алинд нь гоолын дамжуулалт өгч, ялалтын гол баатар болов.
Аргентин, Английн тоглолт улс төр, түүхийн хувьд онцгой ач холбогдолтой байлаа. Тоглолтын өмнө Аргентины дэд ерөнхийлөгч Виктория Вильярруэль энэ тоглолтыг "улс төрийн утга агуулгатай" хэмээн онцолж, Английн шигшээг "эзлэн түрэмгийлэгч далайн дээрэмчид" гэж нэрлэжээ. Тэрбээр "Энэ бол ээлжит нэг тоглолт биш" хэмээн мэдэгдсэн байна.
Тоглолт ч энэ хүлээлтэд нийцэж, талбайн метр бүрт ширүүн тэмцэл өрнөв. Нийт 19 удаагийн алдаа, эхний үед хоёр шар хуудас гарсан ч хоёр баг довтолгооноос илүү хамгаалалтад төвлөрөв. Үүний үр дүнд эхний үед хоёр баг нийлээд хаалга руу чиглэсэн нэг ч цохилт хийж чадсангүй, харин хүлээгдэж буй гоолын үзүүлэлт (xG) ердөө 0.1 байсан.
Тоглолт эхэлмэгц хоёр багийн ахлагчид түүхэн амжилтын эзэд болов.

Английн довтлогч, ахлагч Харри Кейн шигшээ багийнхаа төлөө 121 дэх тоглолтоо хийж, Английн талбайн тоглогчдын дундах хамгийн олон тоглолтод оролцсон шинэ дээд амжилтыг тогтоов. Түүнээс олон тоглолт хийсэн цорын ганц хүн бол хаалгач Питер Шилтон бөгөөд тэрээр Английн шигшээд 125 тоглолт хийжээ.
Харин Лионель Месси дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээд оролцсон хамгийн ахмад талбайн тоглогч болов. Тоглолтын энэ өдөр тэрбээр 39 нас 21 хоногтой байв. Энэ төрөлд нийт дээд амжилтыг мөн л Питер Шилтон эзэмшдэг бөгөөд тэрбээр 1990 оны ДАШТ-д 40 настайдаа хагас шигшээд тоглож байжээ.
Жинхэнэ довтолгооны хөлбөмбөг хоёрдугаар үед эхлэв. Эхний гоолыг англичууд оруулсан. Английн шигшээ багийн дасгалжуулагч Томас Тухель гараанд Морган Рожерсийг тоглуулсан шийдвэр нь үр дүнгээ өгч, Рожерсын дамжуулалтыг Энтони Гордон амжилттай мөргөж гоол болгосноор Англи тэргүүлэв.
Энэ гоол Аргентины тоглогчдыг улам хурцалж, харин англичууд оноогоо хадгалах тактик руу шилжсэн нь эцэстээ тэдний ялагдлын шалтгаан болжээ.
Английн хаалгач Жордан Пикфорд хэд хэдэн маш хүнд цохилтыг гайхамшигтайгаар хааж багаа аварсан ч түүний хүчин чармайлт хангалтгүй байв.
Аргентин ердөө долоон минутын дотор хоёр гоол оруулан тоглолтыг эргүүлэв.
85 дахь минутад булангийн цохилтын дараа Лионель Месси бөмбөгийг Энцо Фернандес рүү дамжуулж, тэрбээр торгуулийн талбайн шугамд хүрэлгүй хүчтэй цохилтоор бөмбөгийг алсын буланд шигтгэн тоог тэнцүүлсэн.
Үүний дараа, нэмэлт цагийн хоёр дахь минутад, Месси дахин оновчтой дамжуулалт өгч, Лаутаро Мартинес толгойгоороо мөргөн, ялалтын гоолыг оруулав.
Месси энэ тоглолтод хоёр гоолын дамжуулалт өгч, дэлхийн аваргын тэмцээнүүд дэх нийт 12 дахь гоолын дамжуулалтаа ийнхүү бүртгүүлэн, өөрийн эзэмшиж байсан рекордыг дахин шинэчиллээ.
Месси: Дахин ийм мөчийг мэдрэх үнэхээр гайхалтай байна

Өдгөө 39 настай Лионель Месси хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний финалд гурав дахь удаагаа оролцох гэж байна.
Месси "Эдгээр бүх финал онцгой. Энэ бол дэлхийн аваргын финал, тиймээс бүр өөрийн гэсэн онцгой утга учиртай. Дахин ийм мөчийг мэдрэх үнэхээр гайхалтай байна" хэмээн Olé сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр цааш нь "Энэ багийн хийж бүтээсэн зүйл үнэхээр гайхалтай гэж бодож байна. Дэлхийн аваргын хоёр финал дараалан тоглоно гэдэг асар том амжилт. Хэн ч хожигдохыг хүсээгүй. Аргентины ард түмэн энэ баяр баяслыг маш их хүсэж байсан, ялангуяа Английн эсрэг ялагдахыг хүсээгүй.
Аз болоход, бид үүнд хүрч чадлаа. Тэднийг тэмцээнээс хасаж, дахин нэг дэлхийн аваргын финалд шалгарлаа. Энэ бол бүх аргентинчуудын хувьд маш аз жаргалтай өдөр байлаа" гэжээ.
Месси мөн дэлхийн аваргад оролцохын тулд хэрхэн бэлтгэсэн тухайгаа ярьсан байна. Тэр "Би дэлхийн аваргад тоглохоор шийдсэн байсан. Хамгийн сайн формтой очихын тулд бүхнийг хийсэн. Би бүтэн жилийн турш бэлтгэл хийсэн.
Арванхоёрдугаар сарыг Аргентинд өнгөрөөж, өглөө оройгүй бэлтгэл хийдэг. Тэмцээнд хамгийн сайн бэлтгэлтэй очиж, тоглолтоосоо таашаал авахын тулд бүх хүчээ дайчлахаа мэдэж байсан. Үүний тулд би өөрийгөө илүү сайн мэдрэх хэрэгтэй байсан. Би маш сайн бэлтгэсэн" гэж нэмж хэлжээ.
Дэлхийн аваргын финал долдугаар сарын 19-нд АНУ-д болно. Тус тоглолтод дэлхийн аваргын одоогийн эзэн Аргентины шигшээ баг Испанийн шигшээ багтай тоглоно.
Эх сурвалж: TASS