Хөгжим, кино, загварын ертөнцөд хэдийнэ домог болсон Женнифер Лопес (J.Lo) 57 насны төрсөн өдрөө угтан дахин олны анхаарлын төвд орлоо. Тэрбээр Италийн үзэсгэлэнт Сицили аралд болсон Dolce & Gabbana Alta Moda-гийн өндөр загварын арга хэмжээнд оролцохдоо жинхэнэ “алтан хатан” мэт харагдсан нь загварын ертөнцийн хамгийн онцлох мөчүүдийн нэг болов.
J.Lo улаан хивсэн дээр алтлаг өнгийн, үнэт чулуун шигтгээтэй, гар урлалын нарийн хийцтэй Dolce & Gabbana-ийн гайхамшигт даашинз өмсөн гарч ирсэн бөгөөд уг төрхийг бүрэн төгс болгосон сүрлэг нөмрөг, тод гоёл чимэглэл нь түүнийг яг л хааны ордны эрхэмсэг хатагтай мэт харагдуулжээ.

Энэхүү хувцас нь Alta Moda коллекцийн гар урлал, тансаг байдлыг илэрхийлсэн бүтээл байсан бөгөөд болор шигтгээ, үнэт чулуу мэт гялалзсан чимэглэлээрээ олны анхаарлыг татсан байна.
Түүний алтлаг төрхийг олон хүн Австрийн алдарт зураач Густав Климтийн “Алтан хатагтай” (Portrait of Adele Bloch-Bauer I) бүтээлтэй адилтган, урлаг ба загварын гайхамшигт хослол хэмээн онцолжээ. Алтлаг өнгө, нарийн хээ, тансаг чимэглэл нь Климтийн алтан үеийн уран бүтээлийн мэдрэмжийг санагдуулж, J.Lo-г амьд уран зураг мэт харагдуулсан байна.
Женнифер Лопесын хувьд загварыг зөвхөн хувцас биш, өөрийгөө илэрхийлэх нэгэн төрлийн урлаг гэж үздэг аж. Тэрбээр Dolce & Gabbana-тай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус брэндийн Alta Moda бүтээлүүдийг өмсөх нь өөрийгөө шинэ дүрд оруулж буй мэт мэдрэмж төрүүлдэг хэмээн ярьжээ.
Ийнхүү 57 насны босгон дээрээ J.Lo наснаас үл хамааран өөрийнх нь нэрийн хуудас болсон төгс гламур, зоримог стиль, тайзны од шиг харизмаа дахин баталж, загварын ертөнцөд мартагдашгүй нэгэн дүр төрхийг үлдээлээ.

Dolce & Gabbana "Женнифер Лопес Dolce & Gabbana-гийн тусгайлан урласан тансаг төрхөөр Alta Moda арга хэмжээнд хүрэлцэн ирлээ.
J.Lo нь #DGFattoAMano буюу “Dolce & Gabbana-гийн гар урлалын гайхамшиг” гэсэн үзэл санааг төгс илэрхийлсэн бөгөөд Италийн гар урлал, бүтээлч сэтгэлгээ нэгдсэн онцгой орчин болох Сицилийн Radicepura цэцэрлэгт хүрээлэнд энэхүү сүр жавхлант төрхөөрөө олны анхаарлыг татав.
Түүний өмссөн даашинз Dolce & Gabbana Alta Moda Roma 2025 коллекцийн захиалгат бүтээл бөгөөд биеийн галбирыг тодотгосон нарийн эсгүүртэй загвартай. Энэхүү даашинзыг бүхэлд нь гараар урласан бөгөөд бадмаараг улаан, маргад ногоон, индранил цэнхэр өнгийн болор шигтгээ, гялтгануур чулуун чимэглэлээр нарийн хатгаж бүтээсэн.

Тансаг төрхийг нь улам төгөлдөр болгосон зүйл нь болор шигтгээгээр чимэглэсэн урт нөмрөг байв. Өндөр захтай энэхүү нөмрөг нь түүнийг яг л орчин үеийн хатан хаан мэт харагдуулсан бөгөөд алтлаг өнгийн Mini Sicily Bag гар цүнх, мөн алтлаг гинж болон болороор хатгасан өндөр өсгийт гутал нь нийт дүр төрхийг төгс төгөлдөр болгов.

Ийнхүү Женнифер Лопесын энэ төрх зөвхөн нэгэн гоёмсог хувцаслалтаас илүүтэй Италийн гар урлал, урлаг, тансаг загварын амьд илэрхийлэл болж, Dolce & Gabbana Alta Moda шоуны хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг болон үлдлээ" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: VOGUE, TELEGRAPH, DOLCE $ GABANNA