Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад Монголын шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, оролцсон таван сурагч бүгд медаль хүртжээ. Тус олимпиадад дэлхийн 90 гаруй орны 450 гаруй сурагч өрсөлдсөнөөс Монголын баг нийлбэр дүнгээр 13-15 дугаар байрт шалгарсан байна.

Колумб Улсын Букараманга хотноо зохион байгуулагдсан Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад Монгол Улсаас оролцсон шигшээ баг өчигдөр (2026.07.14) эх орондоо ирэв.

Энэ удаагийн олимпиадад дэлхийн шилдэг залуу физикчид онолын болон туршилтын өндөр түвшний, нарийн төвөгтэй даалгавруудаар өрсөлдөж, Монголын багийн таван гишүүн бүгд медаль хүртсэн нь манай улсын хувьд түүхэн амжилт болов.

Монголын багийн дөрвөн сурагч мөнгөн медаль, нэг сурагч хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал:

Э.Ичинбат - Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль (мөнгөн медаль)
А.Орхонтуул - МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль (мөнгөн медаль)
М.Мөнх-Оргил - Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль (мөнгөн медаль)
Б.Эрмүүн - Шинэ Монгол сургууль (мөнгөн медаль)
Г.Амармэнд - Дархан-Уул аймгийн Од сургууль (хүрэл медаль)

Дэлхийн шилдэг багуудын эгнээнд багтлаа

Монголын шигшээ баг нийт дүнгээр дэлхийн 90 орноос 13-15 дугаар байр эзэлсэн байна.

Багийн гишүүд, дасгалжуулагчдын хэлснээр энэ амжилт нь зөвхөн медалийн тоогоор хэмжигдэхгүй бөгөөд дэлхийн физикийн олимпиадын түвшинд Монголын сурагчид ямар байр сууринд хүрснийг харуулсан үзүүлэлт болжээ.

Багийнхан “Энэ бол Латин Америк, Африкийн бүх орон, Азийн орнуудын тал, Европын орнуудын гуравны хоёрыг ардаа орхиж байж хүрсэн амжилт” хэмээн онцолсон байна.