АНУ-ын Вашингтон ДиСи орчимд сурч, ажиллан амьдарч буй нийт монголчуудын Үндэсний их баяр наадам 2026 оны долдугаар сарын 11-ний өдөр Виржиниа мужийн Арлингтон хотод амжилттай зохион байгуулагдав.
Баяр наадмын арга хэмжээг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Батбаяр үг хэлж, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлжээ.

Мөн түүнчлэн баяр наадмын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцсон АНУ-ын Төрийн департаментын Япон, Солонгос, Монголын хэлтсийн орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Мариа Сэнд үг хэлсэн байна.
Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа Д.Ганхуяг удирдаж, хурандаа Р.Энхболд, хурандаа М.Түвшинжаргал нар Төрийн далбааг мандуулжээ.

Наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой чансаа өндөр 32 бөх зодоглож, шагайн харваа, сурын харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах зэрэг олон төрлийн уламжлалт болон орчин үеийн тэмцээнийг хослуулан зохион байгуулсан байна.
Энэ жилийн Наадмын арга хэмжээг Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон ДиСи орчмын монголчуудын холбоо болон бусад ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгуулжээ.

Наадмын үйл ажиллагааг найруулсан “Анура мюзик” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, найруулагч У.Хатанболд, хөтлөгч Л.Бөртэ-Үжин, Б.Ойдовдорж болон нийт уран бүтээлчид, хамтран ажилласан байгууллагууд, хувь хүмүүс, ивээн тэтгэгч, наадамчин олондоо гүн талархал илэрхийлсэн байна.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол Наадам”-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд АНУ-д оршин суугаа иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд өргөнөөр хамрагджээ.

Наадамд дотоод гадаадын нийт 2000 гаруй иргэд оролцож, дэнж хотойтол сайхан наадсан байна.

Эх сурвалж: MONGOLIAN EMBASSY TO THE USA