Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хүчит бөхийн барилдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг дахь "Хүй долоон худаг"-т өргөн дэлгэр болж, улс, аймаг, цэргийн цолтой 126 хүчит бөх уран мэхийг уралдуулан, хүч бяраа сорин барилдлаа.

Энэ удаагийн барилдаанд улсын начин Д.Төрболд уран барилдаан, тэсвэр хатуужлаа харуулан бүх даваанд амжилттай давж, түрүү бөхөөр тодорлоо. Харин аймгийн хурц арслан М.Буяндэлгэр хүчтэй өрсөлдөөн үзүүлэн үзүүрлэж, үзэгч олны талархлыг хүлээв.

Түрүү бөхөөр шалгарсан улсын начин Д.Төрболд барилдааны дараа "Түрүүлсэндээ маш их баяртай байна. Ийм сайхан жил урьд өмнө нь тохиож байсангүй.

Миний багш Т.Өсөх-Ирээдүйн шавь нар, манай дэвжээний бөхчүүд энэ жилийн төрийн их баяр наадамд бүгд өндөр даваанд гарч, сайхан амжилт үзүүллээ. Энэ бүхэн багшийн минь хөдөлмөр, дэвжээний хамт олны эв нэгдэл, нутгийн зон олон, уул усны ивээл хишиг гэж бодож байна.

Цаашид ч улам их хичээж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй барилдах болно" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав. 

Барилдааны үзүүр бөхөөр шалгарсан аймгийн хурц арслан М.Буяндэлгэр: "Энэ жил бэлтгэл сургуулилтаа маш сайн базаасан. Б.Элбэг багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж, барилдааны бэлтгэлдээ онцгой анхаарсан.

Харамсалтай нь, улсын баяр наадамд барилдах боломж олдоогүй. Өнөөдөр Дэлхийн адууны өдөрт зориулсан энэхүү нэр хүндтэй барилдаанд хүч сорин үзүүрлэж байгаадаа баяртай байна. Цаашдын барилдаандаа улам хичээж, илүү өндөр амжилт гаргахын төлөө ажиллах болно" гэв.

Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү хүчит бөхийн барилдаан нь үндэсний өв соёл, монгол адууны үнэ цэнийг сурталчлахын зэрэгцээ бөхчүүдийн ур чадварыг олон нийтэд таниулсан, өрсөлдөөн дүүрэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.