Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт өнөөдөр (2026.07.13) Хүй долоон худагт ёслол төгөлдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Дэлхийн адууны өдөр"-ийг нээж оролцож, үг хэлэхдээ “Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, Монгол түмний бахархал болсон Монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адууны сүрэг маань өсөн арвижихын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүн төрөлхтний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэн тахидаг дэлхийн улс орнуудад Дэлхийн адууны өдрийн баярын мэндийг өнө эртний нүүдэлчдийн төрт ёсны арвин гал голомт, Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсаас өргөн дэвшүүлж байна.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтнийг мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай” хэмээн онцолсон юм.

Энэхүү өдөр нь Монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, хүн ба хүлгийн салшгүй холбоог дэлхий нийтэд сурталчлан таниулах, адууны өв соёлыг өвлүүлэн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой түүхэн үйл явдал болж байна.
“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд болох “Түмэн морьтны их жагсаал”-д оролцохоор улсын хэмжээнд нийт 12,600 морьтон бүртгүүлээд байна. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн морьтон олны энэхүү сүрт жагсаал нь Монгол адууны сүр хүч, морьтон ард түмний өв уламжлал, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг дэлхий нийтэд таниулсан түүхэн үйл явдлын нэг болох юм.
ӨНӨӨДӨР "ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА
Монголын түүх, тусгаар тогтнолын салшгүй хэсэг болсон хүлэг морьдоо дээдэлдэг нийт ард түмэн, малчид, уяачид, унаач хүүхдүүд та бүхэндээ "Дэлхийн адууны өдөр"-ийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаас жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” (World Horse Day) болгон баталсан. Энэ хүрээнд анх удаа зохион байгуулж буй “Дэлхийн адууны өдөр-2026” олон улсын арга хэмжээ Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Энэ жил Дэлхийн адууны өдрийг 55 гаруй улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэх бөгөөд Монгол Улс энэхүү олон улсын түүхэн үйл явдлын гол төв болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс морин холбоод, төрийн байгууллага, мэргэжилтнүүд хуран чуулж байна. Энэ нь улс хоорондын бодлогын уялдааг сайжруулах, туршлага солилцох, адууны өв соёл, морин спорт, морин заслын хөгжлийг түгээн дэлгэрүүлэх чухал платформ болж байгаагаараа онцлогтой.
Арга хэмжээний гол үйл ажиллагаанууд өнөөдөр (7 дугаар сарын 13) зохион байгуулагдах тул та бүхнийг дараах хөтөлбөрийн дагуу хүрэлцэн ирж, өргөнөөр оролцохыг урьж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР:
07:00 - 10:30 | Олон улсын морин уралдаан (22-24 км-ийн зайд, Морь барианы талбайд)
11:00 - 11:40 | "Дэлхийн адууны өдөр" нээлтийн ёслол
11:40 - 13:00 | Түмэн морьтны их жагсаал (Морь барианы талбайд)
13:00 - 13:30 | Олон улсын морин уралдааны шагнал гардуулах ёслол (Төв тайзнаа)
19:00 - 21:00 | "Дэлхийн адууны өдөр" хаалтын арга хэмжээ (Төв тайзнаа)
Уясан хүлгүүд нь хурдан, унасан хүүхдүүд нь цовоо байж, Монгол адууны хийморь өнө мөнхөд мандах болтугай.
HORSE BALL БУЮУ МОРИН БӨМБӨГИЙН ТӨРЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
"Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд адууны соёл, өв уламжлалыг сурталчлах олон төрлийн тэмцээн, уралдаан, урлагийн тоглолт, танин мэдэхүйн хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байна. Тэдгээрийн нэг нь Horse Ball буюу морин бөмбөг юм.
Энэхүү морин бөмбөгийн үйл ажиллагааг Монголын Морин бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бөгөөд тус үйл ажиллагаагаар морьтон тамирчид морин дээрээс бөмбөг дамжуулах, шүүрэх зэрэг энэхүү спортын онцлогийг үзүүлж байгаа юм.

Тус төрлийг сурталчлах зорилгоор Франц улсаас Европ болон Францын олон удаагийн аварга морин бөмбөгийн тамирчид хүрэлцэн ирсэн бөгөөд 14-80 насны эрэгтэй, эмэгтэй тамирчид хамтран үзүүлбэр, тоглолт хийж байна.
Өчигдөр Монголын морин циркийн жүжигчид Францын багтай нөхөрсөг тоглолт хийж, морин дээрх ур чадвар, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм.
Монгол адуучдын уурга, ташуур шүүрэх зэрэг ур чадвартай ойролцоо энэхүү төрөл нь наадамчин олон, адуучдын сонирхлыг татаж байна.

Яг одоо Хүй долоон худагт "Дэлхийн адууны өдөр"-ийн хүрээнд Түмэн морьтны их жагсаал болж байна.