Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар МУСГЗ, ҮУИТ-ын бүжиг дэглээч Д.Баярбаатар ажиллаж буй юм. Тэрбээр наадмын нээлтийн дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Энэ жилийн найруулгаар Монгол орны бүс нутаг бүрийн онцлог, угсаатны өв соёлыг илэрхийлэхийг зорьсон.
Өнөөдөр нар хур тэгширсэн сайхан өдөр байна. Үзэгчид уран бүтээлчдийн тоглолтыг маш сайхнаар хүлээж авч, уухайлан дэмжиж байгаа нь сайхан санагдаж байна. Манай баг үндэснийхээ соёл, язгуур урлагийг дээдэлсэн уран сайхны үзүүлбэр үзүүлэхийг зорьсон.
Хүссэн хэлбэрээр хийж байгаа учраас нутаг, нутгийн дуу хуур, угсаатан бүрийн хувцас хэрэглэлийн ялгааг харуулахыг хичээсэн. Хөвсгөл, говь, зүүн, баруун аймгуудын ялгаа үзэгчдэд тодорхой харагдаж байгаа байх.
Маш олон уран бүтээлчид оролцож байна. Бүжигчид гэхэд 700 гаруй байна. Улсынхаа сор болсон уран бүтээлчид болон шинэ залуу уран бүтээлчдийг оролцуулахыг зорьсон.
Тэд үндэснийхээ язгуур соёлыг бие биедээ дамжуулж, түгээн дэлгэрүүлэх, уламжлан авч үлдэх зэрэг ажлыг давхар хийж байна. Тайз дэлгэц дээр Монголын олон төрлийн хээ угалз, уул ус, алдартай хайрханууд тодорч байгааг үзэгчид харж байгаа байх.
Монголчуудын эрхэм дээд өв болох уртын дуу, ардын бүжиг, бий биелгээ, хөөмий, уран нугаралт, циркийн үзүүлбэр, орчин үеийн дууг бүгдийг нь багтаасан. Мөн эдгээрийг хослуулан нэгдлээр дамжуулан үнэт зүйлийг харуулахаар ажилласан" гэв.