Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаан амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү насны ангилалд 223 үрээ бүртгүүлснээс 170 нь гарааны зурхай руу мордож, 53 нь хэмжилтээр хасагджээ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат, аймгийн алдарт уяач Э.Ариунболдын зээрд халзан түрүү магнайд хурдалж торгон жолоо өргүүлэн уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат уяач Э.Өлзийдэлгэрийн хүрэн хурдлав. Айргийн гуравт Ц.Золбоогийн зээрд, дөрөвт Монгол Улсын Тод манлай уяач Н.Хүрлээгийн зээрд, тавд Булган аймгийн Булган сумын харъяат Б.Ууганхүүгийн хүрэн шүдлэн барианд орлоо.