БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Монгол Улсыг "ойрын найз" хэмээн тодотгосныг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна. 

Yonhap агентлагийн "И Монголыг “ойрын найз” хэмээн нэрлэж, хоёр орны ард түмэнд үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийллээ" гарчигтай нийтлэлд:

"БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зохион байгуулсан төрийн хүндэтгэлийн зоогт оролцох үеэрээ Монгол Улсыг “ойрын найз” хэмээн тодорхойлж, хоёр орны ард түмний төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээ амлалаа гэж И-гийн ажлын албанаас мэдээлжээ.

И Жэ Мён баасан гаргийн орой болсон хүндэтгэлийн зоогийн үеэр Хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жонгоор дамжуулан “Өмнөд Солонгос болон Монгол Улс нь бие биенээ ойрын найз хэмээн үзэж, гүн гүнзгий итгэлцэл, онцгой харилцааг хуваалцдаг улс орнууд юм” хэмээн хэлжээ.

Тэрбээр мөн “Би хоёр орны ард түмний өдөр тутмын амьдралд (хамтын ажиллагааны) үр өгөөж бодитоор мэдрэгдэхүйц байхаар Монгол Улстай хийх хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх болно” гэж онцолсон байна.

И Жэ Мён хоёр орны олон жилийн турш хуримтлагдсан харилцан ойлголцол, итгэлцэлд тулгуурлан хоёр ард түмний найрамдал болон стратегийн түншлэлийн харилцаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хүндэтгэлийн зоогийн үеэрИ Жэ Мён Монголын Ерөнхийлөгчид хоёр орны нум сум харвах уламжлалын ижил төстэй байдлыг бэлгэдэн Солонгосын уламжлалт нум сум, мөн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий ухаалаг цагийг бэлэглэсэн байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.

Уг зоогт БНСУ-ын бизнесийн салбарын 40 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний дунд LS Group-ийн ТУЗ-ийн дарга Кү Жа Ын, SK Group-ийн дэд дарга Ли Хён Хи зэрэг томоохон бизнес эрхлэгчид байжээ" гэжээ. 

Эх сурвалж: YONHAP