Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Их цагаан тугийг Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэх үед Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэж, их цагаан тугийг цэнгүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залдаг уламжлалтай.
Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг билээ. Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэн залах журамд заасны дагуу Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаалдаг. Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы дэл, сүүлээр хийдэг байна.
Есөн хөлт цагаан туг нь Монгол төрийн сүр жавхаа, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд 1992 оны шинэ Үндсэн хуулиар Төрийн бэлгэдэл болгон баталгаажуулсан байдаг. Тугийг Чингис хааны үеэс төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл болгон залж ирсэн түүхтэй.
