Хангайн сүрлэг уулс, тунгалаг гол мөрөн, өв соёлын өлгий Архангай аймагт Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэлж, наадамчин олны хөл хөдөлгөөн ид өрнөж байна. Монгол түмний төрт ёс, өв уламжлал, эрийн хийморийг бэлгэдсэн баяр наадам нь Архангайчуудын хувьд зөвхөн үндэсний баяр төдийгүй нутгийн зон олноо нэгтгэсэн, аялал жуулчлалыг хөгжүүлсэн томоохон арга хэмжээ болдгоороо онцлогтой.

Энэ жилийн Архангай аймгийн баяр наадам долдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдаан, урлаг соёлын тоглолт, үндэсний өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээ болж байна.

Наадмын нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд, ахмад настан, хүндэт зочид, улсын болон аймгийн цолтой бөхчүүд, харваачид, уяачид, нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчид өргөнөөр оролцож, Архангай нутгийн түүх, соёл, зан заншлыг харуулсан ёслолын үзүүлбэрүүдийг толилууллаа.

Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит бөхчүүд хүч, ухаан, авхаалж самбаагаа сорин барилдаж, наадамчин олны алга ташилт, уухай дор өрсөлдөв. Хүчит бөхийн барилдааны Тавын давааны цолыг сурагч Б.Рагчаа дуудаж, наадамчин олноо баясгалаа

Энэ жил Архангай аймгийн баяр наадамд Батцэнгэл сумын харъяат, аймгийн заан О.Доржсамбуу түрүүлж, аймгийн арслан Б.Батсайхан үзүүрлэлээ. О.Доржсамбуу баяр наадамд түрүүлснээр цолоо ахиулж, аймгийн арслан цолтон болов.

Үндэсний сурын талбайд шилдэг харваачид цэц мэргэнээ сорьж, шагайн харвааны асарт уламжлалт харваа үргэлжилж, Монголын өв соёлын үнэ цэнийг илтгэнэ.

Хурдан морины уралдаан Архангайн уудам талд уламжлал ёсоороо болж, азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаанд олон аймаг, сумын уяачид шилмэл хурдан хүлгүүдээ сойн оролцуулав. Морьдын төвөргөөн, хүүхдийн гийнгоо, уяачдын хийморь наадмын өнгийг улам чимж байна. 

Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдааны цолыг Тонж манлай сургалтын цоллооч, Хашаат сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч А.Ганшагай, Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Рагчаа нар уран яруу дуудаж, наадамчин олны сонорыг мялаалаа. Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн 2 дугаар ангийн сурагч Б.Амар-Эрдэнэ баян ходоодны дааганы цолыг дуудаж, наадамчин олны баясгав.

Баяр наадмын үеэр Архангай аймаг зөвхөн эрийн гурван наадмаар хязгаарлагдахгүй, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчлахад онцгой анхаарав. Тэрхийн Цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Өгийнуур, Орхоны хөндийн дурсгалт газруудыг зорих жуулчдын тоо энэ өдрүүдэд эрс нэмэгддэг бөгөөд орон нутгийн үйлдвэрлэгчид, малчид, гар урчуудын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Архангай аймаг 2026 оныг аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх жил болгон зарлаж, зуны турш "ARA" фестиваль болон үндэсний өв соёл, адууны соёл, нутгийн онцлогийг сурталчилсан олон арга хэмжээг зохион байгуулж буй нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болж байна.

Үндэсний их баяр наадам Монгол түмний эв нэгдэл, төрт ёсны уламжлал, үндэсний бахархлыг илэрхийлсэн хамгийн том баяр юм. Архангай аймгийн баяр наадам ч энэ утгаараа эрийн хийморь бадарсан хүчит бөхийн барилдаан, хурдан хүлгийн төвөргөөн, цэц мэргэн харваачдын өрсөлдөөн, уртын дуу, морин хуурын эгшигтэй хослон Хангайн сайхан нутагт ёслол төгөлдөр үргэлжилж байна.

Наадамчин олон дэнж хотойтол сайхан наадаж, эх орон, элгэн нутаг, өв соёлоороо бахархах сэтгэлээ улам бадраан, эв эеэ эрхэмлэн баяраа тэмдэглэж байна.