Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Дархан хотын түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ.
Баяр наадмын нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлага, иргэд, наадамчид, хүндэт зочид оролцож, Монгол төрийн далбаа, аймгийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулан үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг эхлүүлэв.
Наадмын өдрүүдэд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа зэрэг үндэсний спортын тэмцээнүүдээс гадна урлаг, соёлын тоглолт, иргэдэд зориулсан олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн баяр наадам үндэсний өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ эв нэгдэл, бахархлыг бэхжүүлсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.
Наадмын нээлтийн ёслолын арга хэмжээн дээр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Оюуны ирээдүй" цогцолбор сургууль (ОИ)-ийн 12-11 ангийн төгсөгч, 2026 оны Элсэлтийн шалгалтад (ЭШ) өндөр амжилт үзүүлж, нийт 4476 оноо авч аймагтаа тэргүүлэн суралцагчдын манлай болсон М.Саруулд мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулан өглөө.
Сурагч М.Саруул элсэлтийн шалгалтын дөрвөн хичээлээр 725, 740, 776, 635 оноо авч, хоёр хичээлийн оноогоо Олон улсын шалгалтын дүнгээр дүйцүүлэн, тус бүр 800 оноо болгон тооцуулснаар нийт 4476 оноо цуглуулсан нь энэ жилийн хамгийн өндөр амжилтын нэг болжээ.
Энэхүү бахдам амжилтыг үнэлэн аймгийн Засаг дарга Элсэлтийн шалгалтад өндөр оноо авч, шилдэг амжилт үзүүлсэн сурагчдад олгодог 12 сая төгрөгийн урамшуулал-ыг М.Саруулд гардууллаа. Батламжийг Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн индэр дээр гардуулан өгсөн нь түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг олон нийтэд алдаршуулсан онцгой мөч болов.
М.Саруулын энэхүү амжилт зөвхөн хувийн хичээл зүтгэл төдийгүй эцэг эх, багш хамт олон, сургуулийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд ирэх жилүүдэд Элсэлтийн шалгалт өгөх сурагчдад урам зориг, үлгэр дуурайл болохуйц бахархам амжилт юм.