Өмнөд Солонгосын "Agent Kim Reactivated" цуврал Netflix-ийн англи бус хэлээрх телевизийн бүтээлүүдийн долоо хоногийн үзэлтийн жагсаалтыг тэргүүлж, дөрвөн долоо хоног дараалан нэгдүгээр байрт бичигдээд байсан "Teach You a Lesson" цувралыг ардаа орхисон талаар стриминг платформ лхагва гарагт мэдээлэв.

Жүжигчин Со Жи-собын гол дүрийг бүтээсэн тус цувралд эгэл жирийн нэгэн аав гэнэт сураггүй болсон охиноо эрэн хайх явцдаа өнгөрсөн амьдралынхаа нууцыг илчлэхээс өөр аргагүйд хүрдэг тухай өгүүлдэг байна. Netflix-ийн мэдээлснээр, уг бүтээлийг өнгөрсөн долоо хоногт нийт 10.5 сая удаа үзжээ.

Вэбтүүний зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү цуврал зургадугаар сарын 26-нд нээлтээ хийсний дараах эхний долоо хоногтоо гуравдугаар байрт бичигдэж байсан бол энэ удаад Өмнөд Солонгос, Индонез, Боливи зэрэг нийт 11 улсын англи бус хэлээрх телевизийн контентын жагсаалтыг тэргүүлж, дэлхийн 68 улсын шилдэг 10 бүтээлийн тоонд багтсан байна.

Сүүлийн дөрвөн долоо хоногийн турш жагсаалтыг тэргүүлсэн сургуулийн амьдралыг өгүүлсэн "Teach You a Lesson" цуврал өнгөрсөн долоо хоногт 4.7 сая үзэлттэйгээр хоёрдугаарт бичигджээ. Тус бүтээл мөн дэлхийн 54 улсын шилдэг 10 цувралын жагсаалтад багтсан хэвээр байгаа аж.

Англи бус хэлээрх киноны ангилалд Өмнөд Солонгосын адал явдалт, инээдмийн "Husbands in Action" кино 1.7 сая үзэлттэйгээр хоёрдугаар байрт жагссан нь өмнөх долоо хоногоос нэг байр ухарсан үзүүлэлт болжээ.

Англи хэлээрх киноны төрөлд "KPop Demon Hunters" кино 3.5 сая үзэлттэйгээр зургадугаарт бичигдэж, Netflix-ийн шилдэг 10 киноны жагсаалтад дараалан тав дахь долоо хоногтоо багтсан байна.

Эх сурвалж: YONHAP