Тайванийн Тайбэй хот дахь Хааны ордон музей энэ баасан гарагт нээгдэх шинэ үзэсгэлэнгийн хүрээнд Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болжээ.
Уг хөргийг Чингис хааны дүр төрхийг хамгийн бодитойгоор дүрсэлсэн түүхэн бүтээлүүдийн нэг хэмээн судлаачид үздэг. Мөн энэ нь Монголын түүхэн ой санамж, үндэсний өв соёлын үнэ цэнтэй бэлгэдэл болохыг Хааны ордон музейн захирал Шяо Зунхуан онцлон тэмдэглэсэн байна.
Чингис хааны эш хөрөг нь “Спорт ба ур чадвар: Уран зураг, уран бичлэг дэх бие бялдрын хөдөлгөөн ба ур чадвар” сэдэвт тусгай үзэсгэлэнд дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж байна. Мөн Их Юань улсыг үндэслэгч Хубилай хаан хүрээлэгчдийн хамт говь цөлд ан ав хийж буйг дүрсэлсэн “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх алдарт зургийг ч олон нийтэд толилуулах ажээ.
Үзэсгэлэнгийн нээлтийг тохиолдуулан Тайбэй хот дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар даваа гарагт Хааны ордон музейд Чингис хааны эш хөрөгт хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тэмдэглэжээ.
Арга хэмжээнд Тайбэй дэх Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Т.Ганхуяг, Хааны ордон музейн захирал Шяо Зунхуан, Тайванийн Гадаад хэргийн яамны Баруун Ази, Африкийн асуудал хариуцсан газрын ерөнхий захирал Янь Жялян болон хоёр талын албаны төлөөлөгчид оролцсон байна.
Ёслолын үеэр Т.Ганхуяг хэлсэн үгэндээ Чингис хаан нь Монголын түүхэн ой санамжийн салшгүй хэсэг төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншилд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн түүхэн хүн болохыг онцлоод, түүний эш хөргийг олон нийтэд дэлгэн үзүүлж буй нь Монгол, Тайванийн соёлын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.
Харин музейн захирал Шяо Зунхуан хэлэхдээ, Хааны ордон музей сүүлийн жилүүдэд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Богд хааны ордон музей, Чингис хаан Үндэсний музейтэй идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаад, цаашид хоёр талын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тус үзэсгэлэн есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Тайванийн иргэд болон гадаадын жуулчдад Монголын эзэнт гүрний түүх, соёлын үнэт өвийг таниулах онцгой боломжийг бүрдүүлэх ажээ.
Эх сурвалж: CNA