2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шөвгийн 16-гийн сүүлийн тоглолт долдугаар сарын 8-нд шилжих шөнө болов. Канадын Ванкувер хотод болсон ширүүн өрсөлдөөнтэй тоглолтод Швейцарын шигшээ баг Колумбын багийг торгуулийн цохилтоор 4:3-аар хожсон. Үндсэн болон нэмэлт цаг 0:0-ээр тэнцээгээр дууссан байна.

Шөвгийн 16-гийн найман тоглолтоос торгуулийн цохилтоор ялагчийг тодруулсан цорын ганц тоглолт энэ байв. Швейцарын шигшээ баг 1954 оноос хойш анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа. 

 

Үүнээс хэдэн цагийн өмнө АНУ-ын Атланта хотод энэ удаагийн тэмцээний хамгийн сонирхол татсан тоглолтуудын нэг болж өнгөрөв.

Аргентины шигшээ баг 2:0-ээр хожигдож явсан ч тоглолтын төгсгөлд Мохамед Салахаар ахлуулсан Египетийн шигшээ багийг 3:2-оор буулган авлаа. Тоглолтын эхний хоёр гоолыг Египетийн баг оруулсан бөгөөд Яссер Ибрагим 15 дахь минутад, Мостафа Зико 67 дахь минутад гоолджээ. 

Аргентины багийн анхны гоолыг 79 дэх минутад Кристиан Ромеро Лионель Мессигийн дамжуулалтаар оруулсан. Харин Месси эхний үед торгуулийн цохилтоо алдсан нь энэ ДАШТ-д хоёр дахь удаагаа пенальти алдсан тохиолдол болов.

Тэрбээр 83 дахь минутад өөрөө гоолдож, найм дахь гоолоо бүртгүүлснээр мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Харин нэмэлт цагийн хоёр дахь минутад Энцо Фернандес Лаутаро Мартинесийн дамжуулалтаар шийдвэрлэх гоолыг оруулснаар Аргентины баг хожлоо. 

Шөвгийн найм болон дараагийн шатны бүх тоглолт АНУ-ын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд явагдана.

Долдугаар сарын 9-нд Массачусетс муж улсын Бостон хотын ойролцоох Фоксборо хотод Франц, Мароккогийн шигшээ багууд тоглоно. Долоодугаар сарын 10-нд Лос-Анжелест Испани, Бельгийн шигшээ багууд учраа таарна.

Долдугаар сарын 11-нд Майами хотод Норвеги, Английн шигшээ багууд хагас шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө.

Долдугаар сарын 12-нд шилжих шөнө Канзас-Ситид Аргентин, Швейцарын шигшээ багууд тоглоно. Хагас шигшээгийн тоглолтууд долоодугаар сарын 14, 15-нд Арлингтон, Атланта хотуудад явагдана.

Финалын тоглолт долоодугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотын "New York New Jersey" (MetLife) цэнгэлдэх хүрээлэнд болно.

Эх сурвалж: DW