УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Б.Бейсен Олон улсын Таеквондогийн Монголын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр тус тус томилогдлоо.
Энэхүү томилгоог Олон улсын Таеквондогийн Монголын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадралын саналын дагуу хийсэн бөгөөд шинэ удирдлагууд холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, таеквондогийн спортыг хөгжлийн шинэ түвшинд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах юм байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан арвин туршлага, төрийн бодлого боловсруулах чиглэл дэх мэдлэг, ур чадвараараа салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн нэгэн.
Э.Цэндбаатар Монголын боксын түүхэнд тод мөр үлдээсэн шилдэг тамирчдын нэг бөгөөд Азийн болон дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өргөж ирсэн билээ.
Шинээр томилогдсон удирдлагуудын мэдлэг, туршлага, спортын салбар дахь нэр хүнд Монголын таеквондогийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд залуусын спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадвар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж тус холбооноос үзжээ.
Олон улсын түвшинд Монголын таеквондогийн байр суурийг бэхжүүлэх, шинэ үеийн шилдэг тамирчдыг бэлтгэн гаргах, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд шинэ удирдлагын баг идэвхтэй ажиллах юм байна.