Норвегийн хөлбөмбөгийн шигшээ баг долдугаар сарын 5-нд болсон 2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтод Бразилыг 2:1-ийн харьцаатай буулган авч, тэмцээний шөвгийн наймд түүхэндээ анх удаа шалгарчээ.

АНУ-ын Нью-Жерси мужийн Ист Рутерфорд хот дахь MetLife (New York New Jersey) цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын эхний үед Бразилын шигшээ давуу байдлаа хадгалж байсан ч тоглолтын төгсгөлд Норвеги гайхалтай эргэн ирэлт хийв.

Норвегийн шигшээ багийн супер од довтлогч Эрлинг Холанд 79 болон 90 дэх минутад дараалан гоол оруулж, багтаа түүхэн ялалтыг авчирсан байна. Харин Бразилын цорын ганц гоолыг нэмэлт цагийн 10 дахь минутад Неймар торгуулийн цохилтоос амжилттай оруулжээ.

Холанд мэргэн буучдын өрсөлдөөнд тэргүүлэгчдийн эгнээнд нэгдэв

Энэ тоглолтод дубль хийснээр Эрлинг Холанд ДАШТ-ий энэ удаагийн тэмцээнд оруулсан гоолын тоогоо долоо болгож, Аргентины Лионель Месси, Францын Килиан Мбаппе нартай зэрэгцэн мэргэн буучдын жагсаалтын тэргүүлэгчдийн нэг болов. Одоогийн байдлаарр гурван довтлогч тус бүр долоон гоолтой байна.

Бразилын хувьд харамсалтай, Норвегийн хувьд түүхэн амжилт

Бразилын шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлсэн түүхэн дэх хамгийн олон түрүүтэй баг юм. Харин Норвегийн шигшээ өмнө нь хэзээ ч ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч байгаагүй бөгөөд энэ ялалт нь тус улсын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болжээ.

Норвеги шөвгийн наймын тоглолтоо долдугаар сарын 11-нд хийж, Мексик, Английн шигшээ багийн ялсантай учраа таарах юм.

2026 оны ДАШТ Хойд Америкт үргэлжилж байна

2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ний хооронд Хойд Америкт зохион байгуулагдаж байна.

Тэмцээний тоглолтуудын ихэнх АНУ-ын 11 хотод болж буй бол Мексикийн гурван хот, Канадын хоёр хот мөн тоглолтуудыг хүлээн авч байна.

Харин аваргын төлөөх шигшээ тоглолт долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси мужийн Ист Рутерфорд дахь MetLife (New York New Jersey) цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Эх сурвалж: DW