Боловсрол эзэмших тэгш эрх нь хүн бүрийн үндсэн эрх бөгөөд ялгаварлан гадуурхахгүй, тэгш хүртээмжтэй байх зарчмаар хэрэгжих ёстой. Монгол Улсын боловсролын салбарын хууль, бодлогын баримт бичгүүдэд энэхүү зарчмыг тодорхой тусгасан боловч бодит амьдрал дээр зорилтот бүлгийн хүүхдүүд энэхүү эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна.
Эдгээрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, малчин өрхийн хүүхдүүд, шилжин суурьшигчдын хүүхдүүд, ядуу өрхийн хүүхдүүд, үндэстний цөөнхийн хүүхдүүд, алслагдсан бүс нутгийн хүүхдүүд, мөн жирэмсэн болон өсвөр насны эхчүүдийн хүүхдүүд зэрэг багтдаг.
Судалгаагаар тэгш хамруулах боловсролын тогтолцоог хөгжүүлснээр ДНБ-ий алдагдлыг 5-7 хувиар бууруулах боломжтой. Нийгмийн халамжийн дарамт багасна. Боловсролын зардал урт хугацаандаа буурна.
Харин тусгай боловсролын тогтолцоонд нэг хүүхдэд зарцуулах зардал ердийн сургуулиас 2.5 дахин өндөр, нийт зардал 7-9 дахин их байдаг нь тогтолцооны үр ашиггүй байдлыг харуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хамрагдалт хангалтгүй хэвээр байна. Үүнд: 0-18 насны 13,024 хүүхэд бүртгэгдсэн, 63.5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан, 59.1 хувь нь ерөнхий боловсролд хамрагдсан, 17.2 хувь нь огт суралцаагүй, 3.1 хувь нь сургууль завсарджээ.
Мэргэжлийн болон дээд боловсролын хамрагдалт маш бага байгаа нь энэ бүлгийн эрх тэгш байдлын хэрэгжилт хангалтгүй буйг харуулж байна.
Ялгаварлан гадуурхалтын бодит жишээ
Нэгэн иргэний гомдолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хувийн сургуульд элсүүлэх явцад биеийн онцлогийг харгалзан ялгаварласан, сургууль “хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургадаггүй” гэж хариулсан, сэтгэл зүйн дарамт, ялгаварлан гадуурхалт илэрчээ. Энэ нь боловсролын салбарт тэгш эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн тод жишээ юм.
Малчин өрхийн хүүхдүүдийн боловсролд хамрагдалт харьцангуй өндөр мэт боловч бодит нөхцөлд сумын төвөөс алслагдсан байршил сургалтад саад болдог. Дотуур байрны амьдрал хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг. Байгалийн гамшиг, зуд, цаг агаарын нөхцөл сургалт тасалдахад хүргэдэг. Зарим сумдад хүүхдүүдийн 50-70 хувь нь эрэгтэй хүүхдүүд сургалтаас түр болон бүрмөсөн хоцордог байна.
Эдийн засгийн болон хөдөлмөрийн нөлөө
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь боловсролоос хөндийрөх гол шалтгаан болж байна: Хүүхдийн хөдөлмөр эрхлэгчдийн 62.5 хувь нь хөвгүүд. Мал аж ахуйн салбарт 91.4 хувь нь ажилладаг. Ядуу өрхийн хөвгүүдийн сургууль завсардах магадлал 36.4 хувь байгаа аж. Энэ нь эрэгтэй хүүхдүүдийн боловсролын эрсдэлийг нэмэгдүүлж буй үзүүлэлт юм.
Жендэрийн хэвшмэл ойлголт нь боловсролд хүчтэй нөлөөлж байна. “Эр хүн орлого олох ёстой” гэх ойлголт түгээмэл. Хөвгүүдийг бага наснаас хөдөлмөрт түлхэх хандлага хэвээр. Охидын боловсролд илүү анхаарах хандлага ажиглагддаг. Судалгаагаар, эрэгтэйчүүдийн 50 орчим хувь нь уламжлалт жендэрийн үзэлд санал нийлдэг нь тогтоогджээ.
Гэр бүл ба хувь хүний нөлөө
Хүүхдийн боловсролд эцэг, эхийн анхаарал, хараа хяналт, гэр бүлийн хүмүүжил, үл хайхрах байдал (57 хувь), сэтгэл зүйн дэмжлэг дутагдах зэрэг хүчин зүйлс хүчтэй нөлөөлж байгаа аж.
Цахим хэрэглээ ба суралцах орчин
Өсвөр насныхны 99 хувь нь интернэт хэрэглэдэг. Хөвгүүдийн 64 хувь нь тоглоом тоглодог. Охидын ихэнх нь хичээл, мэдээлэл хайхад ашигладаг. Ингэснээр хөвгүүдийн анхаарал төвлөрөл, хичээл давтах цаг багассаар байгаа аж..
Монгол Улсад боловсролын хүртээмж, тэгш хамруулах бодлого эрх зүйн хувьд бүрдсэн ч бодит хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, малчин өрхийн хүүхдүүд, ядуу өрхийн хүүхдүүд, алслагдсан бүсийн хүүхдүүд, болон эрэгтэй суралцагчид хамгийн их эрсдэлтэй бүлэг болж байна.
Иймд боловсролын тэгш эрхийг бодит болгохын тулд дэд бүтэц, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх
ялгаварлан гадуурхалтыг арилгах, гэр бүлийн боловсрол, хандлагыг өөрчлөх, зорилтот бүлэгт чиглэсэн бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.