Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эх орондоо ирснээ өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр өөрийн хуудастаа "Нислээ. Буулаа. Ирлээ" хэмээн товчхон бичиж, Монголд ирсэн зургаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Ц.Элбэгдоржийн хувьд 2023 оны есдүгээр сард АНУ-ыг зорьж, Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллахаар болсон. Тэр хугацаанд ардчилал, засаглал, хүний эрх, бүс нутгийн хамтын ажиллагаатай холбоотой судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд оролцож байв. Тэрбээр Монголдоо амрахаар ирсэн аж.

Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Улсын Их Хурлын даргаар нэг удаа, УИХ дахь олонхын бүлгийн даргаар нэг удаа, мөн УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажиллаж байв.

Түүнчлэн 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, ардчилал, хүний эрх, авлигын эсрэг бодлого, байгаль орчны асуудлаар олон улсын түвшинд идэвхтэй байр суурь илэрхийлж байсан билээ.