Монгол түмний төрт ёс, өв уламжлал, ахуй соёл, эрх чөлөөний бэлгэдэл болсон адууг хүн төрөлхтний нийтлэг үнэт өв хэмээн алдаршуулсан түүхэн үйл явдал энэ жил тохиож байна.

UNESCO-гийн Ерөнхий бага хурлаар Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгыг дэмжин баталснаар жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон олон улсын хэмжээнд тэмдэглэх түүхэн шийдвэр гарсан билээ.

Энэхүү шийдвэр зөвхөн нэгэн баярын өдөр бий болсон хэрэг бус, харин Монголын нүүдэлчин соёл иргэншил, монгол адуу, морин соёл, хүн ба адууны олон мянган жилийн шүтэлцээ холбоог дэлхий нийт албан ёсоор үнэлэн хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл юм.

2026 онд Дэлхийн адууны өдрийг дэлхийн 55 улс орон өөрийн орны өв уламжлал, онцлогийн дагуу тэмдэглэх бөгөөд Монгол Улс энэхүү түүхэн баярын гол зохион байгуулагч орон болж байгаагаараа онцгой ач холбогдолтой.

🐎 Монгол Улс дэлхийн анхаарлын төвд

Анхны Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Монгол Улсад үндэсний өв соёл, адууны аж ахуй, морин спорт, аялал жуулчлал, урлаг, соёлын томоохон арга хэмжээнүүдийг нэг дор цогцлоосон олон улсын хэмжээний баярыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь:

- Монгол адууны үнэ цэнэ, онцлогийг дэлхийд сурталчлах
- Нүүдэлчдийн өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх
- Морин спортын хөгжил, аялал жуулчлалыг дэмжих
- Монголын уламжлалт зан заншил, урлаг, гар урлал, үндэсний тоглоом наадмыг олон нийтэд таниулах
- Хүүхэд залуучуудад адууны өв соёлын үнэ цэнийг өвлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

📍 Хаана болох вэ?

Анхны "Дэлхийн адууны өдөр"-ийн үндсэн арга хэмжээнүүдийг Хүй долоон худагт 2026 оны долдугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулна.

Эдгээр өдрүүдэд олон улсын болон үндэсний хэмжээний өргөн цар хүрээтэй хөтөлбөрүүд үргэлжилж, Монголын морин соёлын гайхамшгийг нэг дороос мэдрэх боломжийг иргэд, жуулчдад олгох юм.

Хөтөлбөрт:

🐎 Морин спортын үзүүлбэрүүд
🐎 Үндэсний болон олон улсын соёл урлагийн тоглолтууд
🐎 Морин цирк, морин үзүүлбэр
🐎 Үндэсний өв соёлын үзэсгэлэн
🐎 Монгол адууны үүлдэр, аж ахуйн танилцуулга
🐎 Гар урлал, уламжлалт үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
🐎 Аялал жуулчлалын танилцуулга
🐎 Гэр бүлийн болон хүүхдүүдэд зориулсан олон төрлийн соёл, танин мэдэхүйн арга хэмжээнүүд багтаж байна.

Дэлхийд түгээх Монголын бахархал

Монголчуудын хувьд адуу бол зөвхөн уналгын амьтан биш, төрт ёс, эрх чөлөө, тусгаар тогтнол, ахуй амьдрал, урлаг, дуу хуур, үндэсний спорт, соёл иргэншлийн салшгүй хэсэг юм.

Тиймээс Дэлхийн адууны өдөр Монгол Улсын өв соёлын үнэ цэнийг олон улсад сурталчлах, хүн төрөлхтний соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинд монгол адууны өвөрмөц үнэ цэнийг таниулах түүхэн ач холбогдолтой баяр болж байна.

🐎 Дэлхийн адууны өдөр – 2026
📍 Хүй долоон худаг
🗓️ 2026 оны 7 дугаар сарын 10-13

Монгол түмний бахархал болсон адууны өв соёлыг хамтдаа алдаршуулж, дэлхий нийтэд түгээх энэхүү түүхэн баярт хүрэлцэн ирж, Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийн гайхамшгийг хамтдаа мэдэрцгээе.