ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Украины талд дэмжлэг үзүүлж буй холбоотон орнуудын дайнд оролцож буй түвшинд дүн шинжилгээ хийж, байлдааны ажиллагааг үргэлжлүүлэхэд голлон нөлөөлж буй улс орнуудыг тодорхойлохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон талаар Оросын хэвлэлүүд долдугаар сарын 4-нд мэдээллээ.

Путины хэлснээр, ийм дүн шинжилгээ нь цаашид тухайн улс орнуудтай холбоотой "хариуцлагатай шийдвэр" гаргахад шаардлагатай байж болох аж. Кремлийн тэргүүн "Дайныг өдөөгч бүрийн бодит оролцоог нарийвчлан шинжлэх ёстой. Энэ дүн шинжилгээ нь ирээдүйд шаардлагатай тохиолдолд хариуцлагатай шийдвэр гаргахад хэрэг болно" хэмээн мэдэгджээ.

ЕХ-ны удирдагчдын хамтарсан мэдэгдлийг иш татав

Путин байр сууриа илэрхийлэхдээ 2026 оны зургадугаар сарын 7-нд Европын холбооны хэд хэдэн улсын удирдагчийн гаргасан хамтарсан мэдэгдлийг иш татсан байна. Түүний хэлснээр, уг мэдэгдэлд Украин нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийг "шинэлэг арга барилаар ашиглаж буй -г сайшаасан гэжээ.

Тэрбээр өмнө нь ч ийм байр суурийг хөндөн, энгийн иргэд, дэд бүтэц, нийтийн тээвэр, хүүхэд, оюутны дотуур байруудад халдсан ажиллагааг дэмжиж байгаа хэрэг үү гэсэн "цэвэр риторик" асуулт тавьж байсан хэмээн дурдсан байна. Мөн Киевийн ийм ажиллагааг Европын зарим удирдагчид дэмжиж байж болзошгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Украины нутаг дэвсгэрт цохилтоо үргэлжлүүлэхийг үүрэг болгожээ

Мөн уг уулзалтын үеэр Путин Украины нутаг дэвсгэрт цохилтоо үргэлжлүүлэх чиглэл өгсөн байна. Түүний хэлснээр, цохилтыг цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтэц болон түүний үйл ажиллагааг хангаж буй байгууламжуудад чиглүүлэх ажээ.

Зеленскийтэй шууд хэлэлцээ хийхээс дахин татгалзав

Владимир Путин өнгөрсөн зургадугаар сарын эхээр болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн шууд хэлэлцээ хийж, хэлэлцээний хугацаанд гал зогсоох саналыг мөн няцаасан.

Тэрбээр одоогийн нөхцөлд ийм уулзалт хийх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Зеленскийн өөрт нь илгээсэн нээлттэй захидлыг "бүдүүлэг өнгө аястай цаас" хэмээн тодорхойлж, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өөрт нь дамжуулсан ч зөвхөн өнгөцхөн уншсан гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Путин Украинд байлдаж буй Оросын цэргүүдэд хандан ажиллагаагаа үргэлжлүүлэхийг уриалсан байна.

Тэрбээр "Нөхөд цэрэг, тэнгисийн цэргүүд ээ, түрүүч, ахлагч, офицер, адмирал, генерал та бүхнийг эх орон даяараа харж байна. Та бүхнээр бахархаж, итгэж байна. Ажлаа үргэлжлүүлээрэй, ахан дүүс минь" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: DW