Монгол Улсын Засгийн газар 2019 оны 7 дугаар сарын 3-нд “Чингис хаан Үндэсний музей байгуулах тухай” 280 дугаар тогтоолыг батлан гаргаснаар Монголын төр, засгийн түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэх ажил албан ёсоор эхэлсэн. Энэхүү шийдвэрийн 7 жилийн ойд зориулан музейн хамт олон “Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” хэмээх бүтээлийг туурвин гаргасан байна.
Энэ хугацаанд Их хааны нэрээр нэрлэгдсэн үндэсний музейг байгуулах монголчуудын хамтын хүчин чармайлт, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд богино хугацаанд өргөн хүрээтэй бүтээн байгуулалтын ажил өрнөж, улмаар 2022 оны 10 дугаар сард музей олон нийтэд үүд хаалгаа нээсэн.
Түүнээс хойших дөрвөн жилийн хугацаанд музейн хамт олон Их хааны түүхэн үйл хэргийг мөнхжүүлэх, гадаад болон дотоодод сурталчлан таниулах, судлан дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж ирсний үр дүнд музейн үүсэл хөгжил, түүнийг бүтээлцсэн байгууллага, хамт олон болон гол үйл явдлуудыг цогцоор нь эмхэтгэн хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү номыг бүтээсэн байна.
Номын нээлтийн үеэр музейн захирал С.Чулуун хэлэхдээ, “Чингис хаан” үндэсний музей нь богино хугацаанд байгуулагдсан хэдий ч хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээсэн Их хааны түүх, соёлын өвийг цогцоор нь судлан дэлгэрүүлэх, Монголын түүхийг соён гэгээрлийн төв болгон хөгжүүлэх томоохон ажлын эхлэлийг тавьсан онцлогтой.
Уг бүтээлд музейг байгуулах долоон жилийн хугацаанд өрнөсөн үйл явц, гол шийдвэр, оролцогч талуудын хувь нэмрийг бүрэн хамруулан тусгасан түүхэн баримтат өгүүлэмжийг музейн хамт олон хоёр жилийн турш боловсруулан эмхэтгэсэн хэмээн онцолсон бөгөөд уг номыг агуулгын хувьд гурван үндсэн бүлэгт хуваан багтаасан.
Нэгдүгээр бүлэгт музейн газар, барилга байгууламж, дэд бүтэц, гоёл чимэглэл, үзмэр бүрдүүлэлт, үзэсгэлэнгийн дэглэлт, нээлтийн үйл ажиллагаа, гадаад харилцаа, хүндэт зочид, хэвлэгдсэн бүтээлүүд, эрдэм шинжилгээний хурал, археологийн судалгаа, маркетинг, мерчендайз, боловсролын хөтөлбөр, дотоод гадаадын үзэсгэлэн, “Их хуралдай” аялал жуулчлалын цогцолбор, “Соёлын сэргэлт-2023” аян, музейн дэргэдэх “Хаан найрал чуулга”, кофе шоп, музейн дэлгүүр зэрэг 20 гаруй дэд сэдвийг хамруулан дэлгэрэнгүй өгүүлсэн.
Хоёрдугаар бүлэгт 2019-2026 оны хоорондох музейн гол үйл ажиллагааг он цагийн дарааллаар баримт, гэрэл зурагтай нь дэлгэрэнгүй бичиж, холбогдох төрийн тогтоол, шийдвэрийн эх хувьтай нь баталгаажуулсан.
Гуравдугаар бүлэгт музейн бүтээн байгуулалтад гар бие оролцсон төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, хамт олон, уран бүтээлчдийн танилцуулга, тэдний хийсэн бүтээл болон тендерийн ажлуудыг хамтад нь тусган түүхчлэн үлдээсэн" гэв.
“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон (2019–2026)” хэмээх энэхүү 480 хуудастай бүтээлд нийт 500 гаруй хүний нэрс, нээлтэд уригдсан 1000 гаруй хүндэт зочдын бүртгэл, 400 гаруй гол үйл явдал, 1400 гаруй гэрэл зураг, 51 тогтоол шийдвэрийн эх хувь, 10 орчим диаграмм зураг зэргийг багтаан баримтжуулсан нь тус музейн түүхийг цогцоор нь өгүүлсэн анхны томоохон эмхэтгэл болсон байна.