“Amazon Prime Video” платформ 2001 онд дэлгэцнээ гарч, дэлхий даяар үзэгчдийн хайрыг татсан “Legally Blonde” киноны өмнөх түүхийг өгүүлэх “Elle” нэртэй шинэ телевизийн цувралыг үзэгчдэд хүргээд буй.

Уг цуврал нээлтээ хийснээс хойш шүүмжлэгчдийн үнэлгээ хоёр туйлд хуваагдаж, нэг хэсэг нь сөрөг байр суурь илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь хөгжилтэй, хөнгөн бөгөөд үзэхэд таатай бүтээл хэмээн үнэлж байгаа юм.

Элл Вүүдсийн өсвөр насны түүх

Шинэ цувралд 1995 оны үйл явдал өрнөх бөгөөд “Legally Blonde”-ын алдарт гол дүр Элл Вүүдсийн ахлах сургуулийн үеийг төв болгон харуулж байна. Тэр үеийн Элл одоогийн өөртөө итгэлтэй, зоримог дүрээсээ тэс өөр, өсвөр насны энгийн нэгэн охины хувьд шинэ орчин, шинэ сорилтуудтай нүүр тулж буйгаар дүрслэгджээ.

Түүний амьдрал гэнэт өөрчлөгдөх болсон шалтгаан нь гэр бүлийнх нь нөхцөл байдалтай холбоотой. Эллийн гоо сайхны мэс засалч аав нэгэн алдартанд хамрын хагалгаа хийх үеэр алдаа гаргасны улмаас тэдний гэр бүл Калифорнийн нарлаг, тансаг орчноос Сиэтл хот руу нүүхээс өөр аргагүй болдог байна. Иймд Элл шинэ сургуульд дасан зохицох, шинэ найз нөхөдтэй болох, хайр дурлалын анхны мэдрэмжүүдээ туулах зэрэг өсвөр насны олон сорилттой нүүр тулна.

Анхны “Legally Blonde”-ын соёлын нөлөө

2001 онд гарсан “Legally Blonde” кино нь тухайн үедээ зөвхөн инээдмийн бүтээл байхаас гадна эмэгтэй хүний хүч чадал, өөртөө итгэх итгэл, ухаалаг байдал нь гадаад төрхөөс үл хамаарна гэсэн хүчтэй мессежийг дэлхий даяар түгээж, соёлын томоохон үзэгдэл болсон юм.

Тус кино жүжигчин Риз Уизерспуныг Холливудын А зэрэглэлийн оддын нэг болгож, түүний карьерын хамгийн тод эргэлтийн цэг болсон гэж үздэг.

Шинэ цувралын баг бүрэлдэхүүн

“Elle” цувралын гол дүр Элл Вүүдст залуу жүжигчин Лекси Минитри тоглосон бөгөөд анхны киноны од Риз Уизерспун энэ удаа продюсероор ажиллаж, төслийг бүтээлч талаас нь удирдан оролцжээ.

Ийн шинэ цуврал анхны киноны уур амьсгалыг хадгалахын зэрэгцээ Эллийн дүрийг илүү гүнзгий, өсвөр насны үеэс нь эхлэн үзэгчдэд танилцуулах зорилготой болжээ.

Үзэгчдийн хүлээлт ба маргаан

Цуврал нээлтээ хийсний дараа шүүмжлэгчдийн дүгнэлт хоёр туйлд хуваагдсан байна. Зарим нь уг бүтээлийг “хөнгөн, хөгжилтэй, үзэхэд амар тайван уур амьсгалтай” хэмээн сайшааж байгаа бол нөгөө хэсэг нь анхны киноны сэтгэл хөдлөл, онцгой өнгө аясыг бүрэн хадгалж чадаагүй гэж шүүмжилжээ.

Гэсэн ч үзэгчдийн дунд Эллийн дүрийн залуу нас, шинэ орчинд дасан зохицож буй түүхийг харах сонирхол өндөр байгаа бөгөөд цуврал цаашид илүү их анхаарал татах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: VARIETY, ELLE