Украин Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн болон эрчим хүчний байгууламжууд, мөн Оросын эзэмшилд байгаа Крымд хийж буй довтолгоогоо эрчимжүүлж буй нь Москвад хэрхэн нөлөөлж байна вэ? Владимир Путин энэ нөхцөл байдалд хариу болгон хэр хол явж чадах вэ? “Дайн Оросын иргэдийн гэрт хүрч ирсэн” энэ үед Кремль дотоодын бослого, үймээнээс айх шаардлагатай юу?

Эдгээр асуудлаар Deutsche Welle (DW) Британийн түүхч, Лондоны их сургуулийн коллеж (UCL)-ийн хүндэт профессор Марк Галеотти болон Вашингтонд төвтэй Institute for the Study of War-ийн шинжээч Кристина Харвард нартай ярилцжээ.

Украин Оросын армийн ханган нийлүүлэлтийн сүлжээг онилж байна

Кристина Харвардын хэлснээр, Украины сүүлийн долоо хоног, саруудад явуулж буй, фронтын шугамаас 20-200 километрийн зайд байрлах объектууд руу чиглэсэн дунд тусгалын цохилтын кампанит ажил дайны шинэ үе шат болж байгаа аж.

Эксперт Института изучения войны (ISW) в Вашингтоне Кристина Харвард

Түүний үзэж байгаагаар, эдгээр цохилт нь Оросын армийн логистик болон ханган нийлүүлэлтийн сүлжээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж буй юм байна. Тэрбээр “Фронтын шугам руу нийлүүлэх хангамж удааширч эхэлсэн гэх мэдээлэл гарч байна. Запорожье мужийн зүүн болон баруун хэсэгт байрлаж буй Оросын цэргүүд шатахуун, сум хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлсээ өмнөхөөсөө бага хэмжээгээр авч байна. Донецкийн чиглэлд ч ийм хүндрэл ажиглагдаж байна” гэжээ.

Харвардын хэлснээр, Украин Крым рүү чиглэсэн нийлүүлэлтийн замуудыг бараг хааж чадсан аж. Түүний онцолсноор, Керчийн гүүр нь зөвхөн цэргийн хангамж төдийгүй Крымын энгийн иргэдийн амьдралд чухал ач холбогдолтой гол холбоос юм байна.

Тэр “Хэрэв Украин ийм цохилтоо үргэлжлүүлвэл Орос болон Крымийг холбодог Керчийн гүүр ашиглах боломжгүй болох, эсвэл маш аюултай зам болж хувирах магадлалтай. Украинчууд зөвхөн гүүрийг бус, түүний ойролцоох ажиллах нөхцөлийг хангадаг дэд бүтцийг системтэйгээр онилж байна” гэж тайлбарлажээ.

Зургадугаар сарын 26-наас эхлэн Оросын мэдэлд байгаа Крым болон Севастопольд онцгой байдал зарласан. Москвагаас томилогдсон орон нутгийн эрх баригчид үүнийг Украины цохилтын улмаас шатахуун, хүнсний хомсдол үүссэнтэй холбон тайлбарласан байна.

Крым - Оросын “сул цэг” гэж Украин үзэж байна

Марк Галеоттигийн үзэж байгаагаар, Украин Крымийг Оросын хамгийн эмзэг цэгүүдийн нэг гэж үзэж буй юм байна. Тэр “Крымийг хангах нь маш хэцүү. Шатахуун, цахилгаан, ус болон бусад хэрэгцээг тогтмол нийлүүлэх шаардлагатай. Тиймээс Украин Крымд дарамт үзүүлснээр Путинийг энхийн хэлэлцээнд илүү нухацтай хандаж, өөрсдийн нөхцөлөөр хэлэлцээр хийхэд хүргэнэ гэж найдаж байгаа” гэж тэр хэлжээ.

Гэхдээ тэр энэ нь Оросыг илүү ихээр "хурцатгах" эрсдэлтэйг хүлээн зөвшөөрсөн аж.

Крымийг цэргийн хүчээр буцаан авах тухай яриаг Галеотти “Сэтгэл зүйн дайны хэрэгсэл болохоос бодит цэргийн төлөвлөгөө гэхэд хэтэрхий эрсдэлтэй” гэж үнэлжээ. Тэр “Крымийг алдах нь Путины хувьд асар их доромжлол болно. Энэ бол түүний эзлэн авсан газрын хамгийн үнэтэй бэлгэдэл. Тиймээс Украины зорилго нь Крымийг шууд булаан авах бус, харин Орост дарамт үзүүлэх явдал байх магадлалтай” гэж хэлжээ.

Путин хэрхэн хариу арга хэмжээ авч болох вэ?

Оросын талаас ямар хэлбэрийн хариу үйлдэл гарч болох талаар асуухад Галеотти “Путинд олон сонголт бий” гэжээ. Тэрбээр Орос дахин хэдэн зуун мянган нөөц цэрэг дайчилж болохыг дурдсан байна. Мөн одоогийн байдлаар дайнд шууд оруулаагүй байгаа ойролцоогоор 150 мянган хугацаат цэргийн алба хаагч бийг тэмдэглэсэн байна.

Британский историк, почетный профессор в Университетском колледже Лондона (UCL) Марк Галеотти (фото из архива)

Галеотти “Гэхдээ энэ нь дотооддоо маш их дургүйцэл төрүүлэх, улс төрийн хувьд сүйрэлтэй алхам байж болно. Хамгийн аймшигтай боловч магадлал багатай хувилбар нь тактикийн цөмийн зэвсэг ашиглах явдал" гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Түүнд олон сонголт байгаа ч тэдгээрийн аль нь ч өөрт нь хор хөнөөлгүй биш. Энэ нь Путин хэр хол явж чадахыг ойлгоход чухал” гэсэн байна. 

Орос дахь шатахууны хомсдол

Украин сүүлийн үед зөвхөн Крымд бус, Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх нефть боловсруулах үйлдвэрүүд болон шатахуун хадгалах байгууламжуудыг илүү олон удаа онилох болсон. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский эдгээр ажиллагааг Москвад дарамт үзүүлэх “холын болон дунд тусгалын хориг арга хэмжээ” гэж нэрлэж буй аж.

Кристина Харвард “Украин өмнө нь ч Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч байсан. Харин одоо ялгаа нь тэд илүү олон, илүү чанартай, илүү хол тусгалтай дрон ашиглаж байна” гэж хэлжээ.

Түүнчлэн "Украин Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг илрүүлж устгахыг оролдож байгаа тул Орос бүх стратегийн объектоо хамгаалах боломжгүй болж байна. Үүний үр дүнд шатахууны хомсдол зөвхөн Крымд бус Оросын олон бүс нутагт мэдрэгдэж эхэлсэн" гэж хэлжээ. 

Галеоттигийн үзэж байгаагаар, энэ нөхцөл байдлаас хамгийн их хохирч буй нь жирийн иргэд аж. Тэр “Оросын арми шаардлагатай шатахуунаа авч байгаа. Харин төлөөсийг энгийн иргэд төлж байна” хэмээсэн байна.

Түүний хэлснээр, энэ байдал нь зөвхөн ард иргэд төдийгүй төрийн дээд хүрээнд ч “юм буруу чиглэлд явж байна” гэсэн ойлголт бий болгож байгаа аж.

Оросын эдийн засаг хэр удаан тэсэх вэ?

Галеоттигийн хэлснээр, Оросын эдийн засаг одоохондоо сүйрлийн ирмэг дээр ирээгүй аж. Тэр "Олон нийт удахгүй бослого гаргах, төрийн эргэлт болох шинж харагдахгүй байна. Гэхдээ одоогийн дайныг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломж хязгаартай" гэжээ.

Тэр “Дахиад нэг жил өнгөрөхөд Оросын эдийн засагт учирсан хохирол хэт их болж магадгүй. Тиймээс ямар ч нөхцөлд өөр хувилбаруудын талаар бодох шаардлага гарна” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, Оросын удирдлагын хүрээнд ч “дайны өгөөж буурч байна” гэсэн дуу хоолой сонсогдож эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, “Бид эзэлсэн газраа хадгалж, фронтыг царцааж, хэлэлцээ эхлэх хэрэгтэй юм биш үү?” гэсэн үзэл бодол гарч байгаа аж.

Орост бослого гарах эрсдэл бий юу?

Сүүлийн үед Оросын армийн хуучин командлагч Александр Лунин (Пустовалов)-ын бичлэгүүд олон нийтийн сүлжээнд ихээхэн тархсан. Тэрээр цэргийн дунд дарамт, хүчирхийлэл, утгагүй тушаалын улмаас гарч буй бухимдлын талаар ярьж, Путинд хандан “Хэрэв би ойрын үед Кремльд очиж, таны хажууд шууд эфирт гарахгүй бол арми зэвсгээ Кремлийн эсрэг эргүүлнэ” гэж мэдэгдсэн байна.

Галеотти энэ талаар шууд яриагүй ч 2023 оны зургадугаар сард болсон "Wagner Group"-ийн бослогыг сануулжээ. Тэр "Хэдхэн мянган хүнтэй хүч Москва руу чиглэн хөдөлсөн үед “Тэднийг зогсоох ёстой байсан аюулгүй байдлын байгууллагууд юу ч хийгээгүй. Тэд зүгээр л харж суусан”. Энэ нь Кремлийн хувьд маш том дохио болсон" гэж хэлсэн байна.

“Путин ЗХУ болон Зүүн Германы задралыг харж байсан”

Галеоттигийн хэлснээр, Путин өнөөдөр гурван үндсэн тулгуураар тогтсон системтэй тулгарч байгаа аж. Үүнд асар их мөнгөний нөөц, Путины хувийн нэр хүнд, аюулгүй байдлын байгууллагууд багтжээ. Гэвч эдгээрийн аль аль нь өмнөх шигээ бат бөх биш болж байна гэж үзжээ.

Тэр “Путин ЗХУ төдийгүй Зүүн Германы задралыг нүдээрээ харсан хүн. Тэр үед төр гэнэтхэн л агаарт ууссан мэт алга болсон” гэжээ. Түүний хамгийн том айдас нь “Аюулгүй байдлын бүх байгууллага байгаа ч тэд чамайг хамгаалахаар хөдөлж өгөхгүй, жижигхэн эсэргүүцэл гэнэт асар том хямрал болж хувирах явдал” хэмээн хэлсэн байна.

Путин бол “агуу төлөвлөгөөтэй тоглогч” биш

Галеоттигийн үзэж байгаагаар, Барууныхан Путиныг хэтэрхий “том төлөвлөгөөтэй стратегич” гэж ойлгодог. Тэр "Бид түүнийг Жеймс Бондын киноны муу дүр шиг, Макиавеллийн нарийн төлөвлөгөөтэй хүн гэж харсаар ирсэн. Гэвч бодит байдал дээр “Тэр 2022 оны хоёрдугаар сард Украин руу халдан довтлохдоо хурдан бөгөөд амархан ялна гэж бодсон. Тэр цагаас хойш нөхцөл байдалд байнга зохицож, нэг арга, дараа нь өөр аргыг туршиж ирсэн” гэжээ.

Түүний дүгнэлтээр, Путин одоо маш хүчтэй байр сууринд бус, харин өөрийн систем болон эрх мэдлийн ирээдүйд санаа зовсон, нөхцөл байдлыг удирдах гэж оролдож буй хүн болжээ.

Эх сурвалж: DW