АНУ НАТО-гийн батлан хамгаалах төлөвлөгөөн дэх үүргээ үнэхээр бууруулж байгаа гэсэн болгоомжлол батлагджээ. Гэхдээ энэ нь АНУ Европоос бүрэн гарч байна гэсэн үг биш болохыг тус холбоо онцолсон байна.
Брюссель дэх НАТО-гийн төв байранд энэ нөхцөл байдлыг "холбооны шинэ үе шат эхэлж буй хэрэг" хэмээн тодорхойлж байгаа аж. Энэ шинэ шатанд Европын холбоотнууд өөрсдийн аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой болж буй.
Энэхүү өөрчлөлтөд хэдийн “НАТО 3.0” гэсэн нэр өгчээ. Гэвч сайн сурталчилгаа гол асуултыг нууж чадаагүй байна.
Оросын заналхийлэл нэмэгдэж буй энэ үед Европ АНУ-ын зарим цэргийн чадавхыг богино хугацаанд орлож, Украинд үзүүлж буй тусламжаа үргэлжлүүлж чадах уу?
Энэ асуудал зургадугаар сарын 18-нд Брюссель хотноо болсон НАТО-гийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын гол сэдвүүдийн нэг байжээ. Түүнчлэн оролцогчид Украинд үзүүлэх бодит цэргийн тусламжийн талаар хэлэлцсэн аж.
Европын өмнө нэгэн зэрэг хоёр зорилт тулгарчээ. Үүнд: өөрийн цэргийн чадавхыг хурдан нэмэгдүүлэх; Киевт үзүүлэх тусламжаа бууруулахгүй байх.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте хэвлэлийн бага хурлын үеэр энэ нь Америкийн цэргийг татах тухай асуудал биш, харин НАТО-гийн хүчний загвар (NATO Force Model) хэмээх төлөвлөлтийн системтэй холбоотойг тайлбарлажээ.
Энэ систем нь хямрал, эсвэл дайны үед холбоотнууд ямар хүчин чадал гаргах ёстойг урьдчилан тодорхойлдог механизм юм.
АНУ-ын ачаалал буурч, Европын үүрэг нэмэгдэнэ
Рютте хэлэхдээ, АНУ дэлхийн бусад бүс нутгуудад гарч болох аюул заналыг мөн тооцох шаардлагатай болжээ. Тэр "Европын ердийн зэвсгийн хамгаалалт удаан хугацаанд Вашингтоноос хэт хамааралтай байсан" гэж онцолсон байна.
Мөн тэрбээр “Өмнө нь бид АНУ-д хэт их найдаж байсан. Харин одоо АНУ өөрийн амлалтаа тодорхой хэмжээнд өөрчилж, бусад холбоотнууд хувь нэмрээ нэмэгдүүлж байна” гэжээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Европын НАТО-гийн гишүүн орнууд болон Канад батлан хамгаалахын зардлаа 90 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн байна. Гэхдээ Рютте "Зөвхөн мөнгө асуудлыг шийдэхгүй" гэж анхааруулжээ.
Тэрбээр “Пуужин, эсвэл танкийг зөвхөн доллар, еврогоор зогсоож болохгүй" гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, одоо гол зорилго нь нэмэгдүүлсэн хөрөнгийг бодит цэргийн хүчин чадал болгох, батлан хамгаалах үйлдвэрлэлийг эрчимтэй өргөжүүлэх явдал аж.
Украинд туслах мөнгө Европт хүрэлцэх үү?
DW-ийн сурвалжлагч Рюттегээс “Европ өөрийн хамгаалалтад илүү их мөнгө зарцуулбал Украинд үзүүлэх тусламжтай өрсөлдөх эрсдэл бий юу?” гэж асуухад тэр “Үнэнийг хэлэхэд үгүй. Бид хоёуланг нь зэрэг хийж чадна гэж бодож байна” гэж хариулжээ.
НАТО-гийн тэргүүний хэлснээр холбоотнууд Украинд зэвсгийн нийлүүлэлтээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ өөрсдийн хамгаалалтын чадавхыг нэмэгдүүлэх ёстой. Гэвч Европ энэ ачааллыг хэр хурдан үүрч чадах нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус уулзалтын дараа "Одоогийн байдлаар АНУ Германаас болон Европоос цэргээ татах талаар тодорхой шийдвэр гаргаагүй" гэжээ. Түүний хэлснээр, энэ бол үе шаттай, зохицуулалттай явах ёстой үйл явц аж.
Тэр “Хамгийн гол зорилго бол аюултай цоорхой үүсгэхгүй байх. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хүчин чадлыг татсан ч түүнийг шууд орлуулах боломжгүй нөхцөл үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. гэжээ.
Писториус Европт хугацаа хэрэгтэйг хүлээн зөвшөөрсөн байна. Тэр “Хэчнээн их мөнгөтэй байсан ч хэдхэн сар, эсвэл нэг жилийн дотор бусдын гаргаж болох бүх боломжийг бүрэн орлуулах боломжгүй" хэмээн хэлсэн байна.
Европ бүхнийг шинээр эхлэх шаардлагатай юу?
НАТО-гийн үзэж байгаагаар, Европ АНУ-ын оролцоог тэгээс эхлэн шинээр бий болгох шаардлагагүй аж. Учир нь, асуудал Европ дахь бүх америк зэвсгийн тухай биш, харин хямрал, эсвэл дайны үед холбоонд өгөхөөр урьдчилан амласан тодорхой хүчин чадлын тухай юм.
НАТО-гийн өндөр албан тушаалтан "Европын орнуудад өмнө нь байсан ч төлөвлөгөөнд албан ёсоор тусгагдаагүй боломжууд бий" гэж тайлбарлажээ.
Жишээ нь, өмнө нь НАТО тодорхой үүргийг АНУ-ын F-35 сөнөөгч онгоцонд найдаж байсан бол одоо ижил төрлийн онгоцтой Европын холбоотон энэ үүргийг гүйцэтгэж болох нь.
Зөвхөн АНУ л хийж чадах зүйл тийм ч олон биш. Гэхдээ энэ нь Европ өөрийн арми болон батлан хамгаалах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагагүй гэсэн үг биш.
НАТО яагаад яарч байна вэ?
НАТО-гийн төлөөлөгчийн хэлснээр, Орос улс томоохон хүндрэлтэй тулгарч байгаа аж. Оросын арми их хэмжээний хохирол амсаж буй бөгөөд хүн хүч, техникээ байнга нөхөх шаардлагатай байгаа юм байна.
НАТО-гийн үнэлгээгээр, Оросын арми өдөр бүр ойролцоогоор 1000 орчим хүнээ алдаж, шархдуулж буй. Мөн Украины эсрэг бүрэн хэмжээний дайны хугацаанд Орос олон мянган танк, хуягт техникээ алджээ. Гэсэн ч Москва зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чадвараа хадгалсаар буй аж.
НАТО-гийн мэдээллээр, Оросын батлан хамгаалах үйлдвэр жилд ойролцоогоор 1500 танк, 3000 хуягт машин, 200 “Искандер” пуужин үйлдвэрлэж буй юм байна. Мөн довтлох зориулалттай нисгэгчгүй төхөөрөмжийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлжээ.
НАТО: Оросын дайралтын өдрийг таах бус, Кремлийн тооцоог өөрчлөх хэрэгтэй
"Орос улс хэзээ НАТО-д аюул учруулах хэмжээнд хүчээ сэргээх вэ" гэсэн асуултад тус холбооны төлөөлөгч "Энэ нь Украин дахь дайн хэрхэн дуусахаас ихээхэн хамаарна" гэж хариулжээ.
Гэхдээ тэр "Дайн дууссан ч Оросын батлан хамгаалах үйлдвэрлэлийн томоохон хэсэг ажилласаар байх болно. Тиймээс НАТО-гийн зорилго нь Оросын яг хэзээ хүчээ сэргээхийг таах биш, харин Кремлийн тооцоог өөрчлөх явдал" гэжээ.
Өөрөөр хэлбэл, НАТО-гийн аливаа эсрэг түрэмгийлэл амжилтгүй болохыг харуулах хэрэгтэй аж.
Украинд “Рамштайн”-аар юу амласан бэ?
НАТО-гийн сайд нарын уулзалтын хүрээнд болсон Украинд туслах холбоотнуудын “Рамштайн” уулзалтаар Киевт үзүүлэх яаралтай болон урт хугацааны цэргийн тусламж гол сэдэв байжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский агаарын довтолгооноос хамгаалах системийн асуудлыг дахин онцолсон аж.
НАТО-гийн мэдээллээр Украин Оросын дронуудын 90 орчим хувийг, далавчит пуужингийн 55 орчим хувийг саатуулж чаддаг аж. Харин баллистик пуужин хамгийн том асуудал хэвээр. Тэдгээрийн ердөө 17 орчим хувийг л устгаж чаддаг гэж НАТО үзэж буй юм байна.
Герман, Украин баллистик пуужингийн эсрэг шинэ агаарын хамгаалалтын систем хамтран боловсруулах тохиролцоонд хүрчээ. Герман мөн нэмэлт IRIS-T систем, пуужингууд, агаар-агаар ангиллын пуужин, PAC-3 пуужин худалдан авах санхүүжилт олгохоор болжээ.
Их Британи Украинд 150 мянган дрон үйлдвэрлэх, агаарын хамгаалалтын 350 гаруй пуужин, радар нийлүүлэх санхүүжилт олгоно гэж мэдэгдсэн байна.
Рютте: Украин дроны салбарт дэлхийн тэргүүлэгч
НАТО Украин зөвхөн тусламж хүлээн авагч биш, өөрөө холбоотнуудад туршлага өгч буй түнш гэж үзэж байгаа аж. Рютте “Украин дрон болон тэдгээрийг эсэргүүцэх технологийн салбарт дэлхийд номер нэг байр суурьтай” гэжээ. Германы сайд Писториус ч мөн “Бид Украинаас суралцах ёстой" гэж хэлсэн байна.
Ийнхүү Брюсселийн тодорхойлсон “НАТО 3.0” шинэ аюулгүй байдлын загвар зөвхөн Европ өөрийн хамгаалалтад илүү хариуцлага хүлээхээс гадна Украины дайны туршлагыг нэгтгэхэд тулгуурлаж байгаа аж.
Эх сурвалж: DW