Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Саудын Арабын “Аль-Арабия” телевизэд өгсөн ярилцлагадаа Украины дайнтай холбоотой хэд хэдэн онцгой мэдэгдэл хийсэн нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж буй.
Тэрбээр өмнө нь Украины Ерөнхийлөгчийг шүүмжилж хэлсэн үгэндээ уучлал хүсэхийн зэрэгцээ Беларусь улс дайнд оролцохгүйгээ дахин нотолж, улсынхаа цэргийн эмзэг байдлыг хүлээн зөвшөөрсөн нь урьд өмнө төдийлөн ажиглагдаж байгаагүй байр суурь гэж шинжээчид дүгнэжээ.
Зеленскийгээс уучлал хүсэв
Лукашенко ярилцлагын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн талаар өмнө нь хэлсэн зарим үг нь хэтэрхий хатуу байсныг хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн байна. Тэрбээр “Магадгүй би зарим зүйл дээр хэтрүүлсэн байж болох юм. Хэрэв Владимир Александрович миний хэлсэн үгэнд гомдсон бол би түүнээс уучлал хүсэж байна” хэмээн мэдэгджээ.
Энэ нь Лукашенкогийн олон жилийн улс төрийн карьерын хугацаанд олон нийтэд хандан уучлал хүссэн ховор тохиолдлын нэг гэж шинжээчид онцолсон байна.

Беларусь дайнд оролцохгүй гэв
Лукашенко мөн өөрөө болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Беларусь улсыг дайнд татан оролцуулах нь зохимжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэнээ мэдэгджээ. Түүний хэлснээр, Беларусь дайнд татагдвал Оросын хувьд фронтын шугам 1500 гаруй километрээр уртсаж, ийм хэмжээний бүсийг хамтран хамгаалах боломжгүй болох аж.
Мөн тэрбээр Беларусь улс цэргийн хувьд эмзэг байрлалтай бөгөөд Украины зэвсэгт хүчний хувьд “алга дэлгэн тавьсан мэт ил тод харагдаж байна” гэж хэлсэн нь анхаарал татжээ. Тэр хэрэв Украин хүсвэл Беларусийн чухал дэд бүтэц, амин чухал объектууд довтолгооны бай болох эрсдэлтэйг хүлээн зөвшөөрсөн байна.
Шинжээчид: Лукашенко аясаа өөрчилжээ
Беларусийн улс төр судлаач Артём Шрайбман Лукашенкогийн мэдэгдлийг ердийн байр сууриас нь эрс ялгаатай гэж үзэж байна. Түүний хэлснээр, Лукашенко өмнө нь хүч чадал, армийнхаа талаар онцолж ярьдаг байсан бол энэ удаад Беларусийн төдийгүй Оросын эмзэг байдлыг хүртэл ил тод хүлээн зөвшөөрсөн нь шинэ үзэгдэл болжээ.
Шрайбманы үзэж байгаагаар, Украины талаас Беларусийг чиглэсэн мэдээллийн болон сэтгэлзүйн нөлөөлөл тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн байж болзошгүй аж. Гэвч тэрбээр Лукашенкогийн хувьд байр сууриа өөрчлөх нь шинэ зүйл биш бөгөөд нөхцөл байдал, зорилтот аудиториосоо шалтгаалан мэдэгдлийн өнгө аяс нь байнга хувьсаж ирснийг онцолсон байна.

Дайны дараах Европыг харж эхэлсэн үү?
Беларусийн шинжээч Александр Класковский Лукашенко Украины цохилтоос бодитоор эмээж эхэлсэн гэж үзэж байна. Түүний тайлбарласнаар, Украин дроны дайны чадавхаа эрс нэмэгдүүлж, Беларусийн эрх баригчдад дарамт үзүүлэх хэмжээнд хүрсэн нь Лукашенког энх тайвны өнгө аястай мэдэгдэл хийхэд хүргэжээ.
Үүнээс гадна Лукашенко дайны дараах Европын улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоонд Беларусь улсыг байршуулж үлдэх талаар бодож эхэлсэн байж болохыг шинжээчид тэмдэглэж байгаа аж. Тэд ялангуяа АНУ болон Европын Холбоотой харилцаагаа сайжруулах сонирхол Минскийн хувьд улам нэмэгдэж байна гэж үзжээ.
Дохио нь Киевт бус Вашингтон, Бээжинд чиглэсэн үү?
Украины улс төр судлаач Владимир Фесенко Лукашенкогийн ярилцлага голчлон Киевт бус, харин Вашингтон болон Бээжинд чиглэсэн дохио байсан гэж үзэж байгаа аж. Түүний тайлбарласнаар, Лукашенко өөрийгөө энх тайвныг дэмжигч улс төрчийн дүрээр харуулахыг зорьж буй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилж буй боломжит энхийн хэлэлцээний үйл явцад тодорхой хэмжээгээр оролцох сонирхолтой байж магадгүй юм байна.
Мөн БНХАУ Беларусь улсыг дайны шууд оролцогч болохыг хүсэхгүй байгаа тул Минск Бээжингийн байр суурийг харгалзан үзэж байгаа байх магадлалтай аж.
Лукашенко энхийн хэлэлцээнд оролцож чадах уу?
Лукашенко ярилцлагын үеэр Беларусь, Орос, Украины удирдагчид нэг ширээний ард сууж, дайны үр дагаврыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэх ёстой гэж мэдэгдсэн байна. Гэвч шинжээчдийн дийлэнх нь Лукашенко ойрын хугацаанд Орос-Украины энхийн хэлэлцээний бодит оролцогч болох боломж бага гэж үзэж байгаа аж.
Учир нь, тэд Киевийн хувьд Лукашенко Москвагийн гол холбоотон хэвээр, зуучлагчийн хувьд итгэл хүлээх хэмжээнд хүрэхэд хүндрэлтэй гэж дүгнэжээ. Гэвч олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж, дайны дараах шинэ улс төрийн орчин бүрдэх үед Беларусь тодорхой хэмжээнд хэлэлцээний үйл явцад оролцох боломжийг бүрэн үгүйсгэх аргагүй гэж зарим шинжээч үзэж буй юм байна.
Эх сурвалж: DW