Орос улс зургадугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Украины Үндэсний дархан цаазат газар болох “Киево-Печерскийн лавр”-т цохилт өгсөн. Үүний улмаас үндэсний өвийн таван объект гэмтсэний дотор Успенскийн сүм багтаж, дээвэр нь галд автжээ. Галыг хяналтад авч чадсан бөгөөд сүмийн дүрс бүхий модон чимэглэлтэй ханан хэсэг бүрэн бүтэн үлдсэн байна.
1073-1078 онд баригдсан Успенскийн сүм 1230 оны газар хөдлөлт, 1240 оны Монголын довтолгоо, 1718 оны гал түймэр, 1941 оны дэлбэрэлтийг даван туулж, дараа нь сэргээн засварлагдсан түүхтэй аж. Энэ нь сүүлийн зургаан сарын хугацаанд Киево-Печерскийн лаврт болсон хоёр дахь халдлага аж.
Тус лавр (хийдийн цогцолбор) нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг. Энэ жил лавр түүхэн сурвалжид анх дурдагдсаны 975 жилийн ой, харин “Киево-Печерскийн лавр” үндэсний дархан цаазат газар байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй юм байна.
Үндэсний дархан цаазат газрын ерөнхий захирал Максим Остапенко DW-д өгсөн ярилцлагадаа одоогийн сүйрлийн хэмжээ, дэлхийн хэмжээний ач холбогдолтой дурсгал болон Украины шашны үнэт өвд учирч буй эрсдэлийн талаар ярьжээ.
DW: -Ноён Остапенко, шөнө дархан цаазат газарт юу болсон бэ? Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? Галыг унтрааж чадсан уу, хэр зэрэг гэмтсэн бэ?
Максим Остапенко: -Би гал сөнөөгчдөд маш их талархаж байна. 20 гаруй баг нэгэн зэрэг энэ галыг унтраахаар ажилласан. Тэд галыг хяналтад авч, сүмийн нуман байгууламжийн хэсгүүдийг хэт халж сүйдэхээс хамгаалж чадсан. Хамгийн гол нь, гал дотоод хэсэгт буюу иконостас (сүмийн доторх дүрс бүхий үнэт модон тахилын хана) байрладаг хэсэгт тархаагүй. Иконостас нь бүхэлдээ модоор хийгдсэн бөгөөд тос, будаг шингэсэн байдаг. Хэрэв гал тэнд хүрсэн бол маш их хохирол учрах байсан.

(Зургийн тайлбар: Оросын дроны цохилтын дараа Киево-Печерскийн лаврын
Успенскийн сүмд гарсан гал. Киев, 2026 оны 6-р сарын 15)
-Аврагчид ямар нөхцөлд ажиллах шаардлагатай болсон бэ?
-Галыг унтраах ажиллагаа бөмбөгдөлт үргэлжилж байх үед эхэлсэн. Пуужин болон дроны аюул зогсоогүй. Гэсэн ч аврагчид их хэмжээний галыг унтрааж, илүү хүнд үр дагавраас сэргийлсэн.
Ойролцоогоор 800 м² талбайтай дээвэр гэмтсэн. Гэхдээ хамгийн чухал нь гал сүмийн дотор нэвтрээгүй. Энэ бол маш сайн мэдээ. Мөн гал гарсан эхний үед XVI-XVIII зууны үеийн үзмэр, шашны үнэт зүйлсийг нүүлгэн шилжүүлж чадсан.
Өглөөний 5 цагийн орчим, галыг бүрэн унтраагаагүй байхад өөр нэг дрон Кущникийн цамхагийн хананд цохилт өгсөн. (Иван Кущникийн харуулын цамхагийг Иван Мазепагийн хөрөнгөөр 1698 онд барьсан) Дрон цамхагийг гэмтээсний дараа нисэн очиж Урлагийн төвийн барилга дээр унасан. Азаар аврагчдаас хэн ч гэмтээгүй, учир нь дрон тэднээс хэдхэн метрийн зайд унасан.
Сүүлийн үед Украинд аврагчид давтан цохилтын үеэр амиа алдах тохиолдол хэдэнтээ давтагдсан. Орос улс эхлээд объектуудыг зориуд цохиж, дараа нь тэнд аврагчид, эсвэл түргэн тусламж ирэх үед хоёр дахь цохилтоо хийдэг.
-Ойролцоох бусад барилга байгууламж, дархан цаазат газрын бусад объектууд ямар байдалтай байна вэ?
-Дэлбэрэлтийн хохирол зөвхөн сүмээр хязгаарлагдаагүй. Ойролцоох барилгууд ч гэмтсэн. Хоёр музей хохирол амссан: Ном хэвлэлийн музейн цонх, хаалга хагарсан. Украины Үндэсний түүхийн музейн Түүхэн үнэт эдлэлийн музейд дэлбэрэлтийн долгионы улмаас цонхууд болон үзэсгэлэнгийн хэсэг гэмтсэн.
Нийтдээ үндэсний өвийн таван объект, мөн орон нутгийн ач холбогдолтой хэд хэдэн дурсгал гэмтсэн. Одоо бид бүх хохирлыг тодруулж, барилгуудыг шалгаж байна.
-Буцааж сэргээх боломжгүй хохирол учирсан уу?
-Аз болоход нөхөн сэргээх боломжгүй алдагдал гараагүй. Сүмийн зэс дээврийг сэргээж чадна гэж бодож байна. Мэдээж энэ нь их хэмжээний хөрөнгө, нарийн хамгаалалт, сэргээн засварлалт шаардана. Гэхдээ боломжтой гэдэгт итгэлтэй байна.
Аюул заналхийлэл улам бүр ноцтой болж байна. Өвлийн улиралд алс холын агуйнуудын ойролцоо дэлбэрэлт болж, зөвхөн бага хэмжээний гэмтэл гарсан бол одоо маш том хэмжээний гал гарсан нь Киево-Печерскийн лаврын хувьд сүйрэл болж болох байлаа.
-Оросын хэвлэлүүд "Оросын дрон биш, Украины Зэвсэгт хүчний Patriot пуужин Успенскийн сүмд туссан" гэж мэдээлж байна. Энэ талаар тайлбарлана уу?
-Бид нүүрстөрөгчийн нийлмэл материалын хэлтэрхий болон далавчны хэсгүүдийг харсан. Энэ нь “Шахед” төрлийн дронд ашиглагддаг материал юм. Гал сөнөөгчид хөдөлгүүрийн хэсгүүдийг үзүүлсэн. Энэ нь Оросын ашигладаг нисдэг хэрэгслийн хөдөлгүүр гэдэг нь тодорхой байсан.
Надад ямар ч эргэлзээ алга. Ялангуяа цамхагт туссан хоёр дахь дроныг хүмүүс хэдхэн метрийн зайнаас харсан. Энэ бол ердийн “Шахед”, эсвэл “Герань” байсан.
Миний бодлоор тэд зориуд энэ ариун газрыг онилсон. Энэ бол Киево-Печерскийн лаврын төв хэсэг, Успенскийн сүмийг чиглэсэн оновчтой цохилт байсан. Аль болох их хохирол учруулахын тулд тахилын хэсгийг зориуд онилсон мэт харагдаж байна.
-Оросын арми яагаад өөрсдийнх гэж үздэг байсан ийм ариун газарт ингэж хандаж байна вэ?
-Эрүүл саруул, соёл иргэншсэн хүн өвчтэй оюун ухаанаас гарч буй зүйлийг ойлгох боломжгүй. Тэд Лаврын өөрчлөгдөж буй үзэл санаа, Украины болон Европын өвийг сэргээж байгаа явдал, Украины үнэн алдартны сүмийн үйл ажиллагаа сэргэж байгаа явдал, олон арван жил сурталчилж ирсэн “Оросын ертөнц”-ийг шахан гаргаж байгаа явдлаас ямар нэгэн “аюул” харж байж болох юм.
Гэхдээ энэ цохилтыг өнөөдөр Киевийн туулсан аймшгаас тусад нь авч үзэх ёсгүй. Хот даяар гал түймэр гарсан. Энэ бол зөвхөн айлган сүрдүүлэх ажиллагаа биш. Энэ бол Путин ямар ч олон улсын үүрэг, дайны дүрэм, хүний үнэт зүйл, тэр дундаа христийн үнэт зүйлсийг үл хүндэтгэх тухай илгээж буй дохио гэж би бодож байна.
-Сүмийг сэргээх хэрэгтэй юу, эсвэл Оросын сүйрлийн бэлгэ тэмдэг болгон үлдээх үү?
-Үүнийг бүр хэлэлцэх ч шаардлагагүй гэж бодож байна. Успенскийн сүмийг өмнө нь бүрэн сэргээсэн. 2000 онд ажил дууссан. Украинчууд энэ талаар олон жил мөрөөдөж байсан. Учир нь, 1941 онд сүмд тэсэрх бөмбөг байрлуулж, дэлбэлсэн. Москва олон арван жилийн турш сэргээхийг зөвшөөрөөгүй. Тэр балгас хэвээр байсан.
-Сэргээн засварлахад хэр хугацаа шаардагдах вэ?
-Хэрэв санхүүжилт байж, ийм хүчирхийллийн үйл ажиллагаа үргэлжлэхгүй бол хоёр жилийн дотор сэргээж болно.
-ЮНЕСКО болон олон улсын тусламж хэрэгтэй юу?
-Өнөөдөр ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд хэдийнэ ирсэн. Олон орны түншүүд тусламж санал болгосон. Ойрын хугацаанд Успенскийн сүмийг сэргээх хөрөнгө цуглуулах ажлыг эхлүүлнэ.
-Эдгээр гэмтлийг дайны гэмт хэргийн нотолгоо болгон баримтжуулж байна уу?
-Тийм ээ. Манай мэргэжилтнүүд болон олон улсын байгууллагуудын шинжээчид бүгд баримтжуулж байна.
-Соёлын өвийн хамгаалалт өөрчлөгдөх үү?
-Олон музей, байгууллага энэ талаар бодож байна. Дайсан хүмүүсийг музей үзэх боломжгүй болгох, номын санг шатаах, хүмүүсийг өөрийн түүх, соёлтой танилцах боломжгүй болгохыг зорьж байна. Украинд хэдийнэ 1700 гаруй соёлын өв болон соёлын дэд бүтцийн объект устаж, бас гэмтсэн.
-Дэлхий Украины соёлын өвд учирч буй сүйрлийн хэмжээг хангалттай ойлгож байна уу?
-Дэлхий Украины дайны улмаас ядарч байгааг ойлгож байна. Гэхдээ Орос дэлхийг гуравдугаар дайны зүг түлхэж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ асуудал зөвхөн Украинд хамаарахгүй. Энэ бол бүх соёл иргэншсэн дэлхийд, ялангуяа Европт заналхийлж буй аюул юм.
Украин Европын нэг хэсэг гэдгээ мэдэрч, өөрийн түүх, тэр дундаа Европын өвөрмөц байдлаа сэргээхийг хичээж байна. Энэ нь Оросын эзэнт гүрний хүсэл зорилготой нийцэхгүй байна. Тиймээс европчууд хамгийн муу хувилбаруудад бэлтгэх хэрэгтэй. Украинд цаашид дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ялангуяа Зэвсэгт хүчин болон энэ түрэмгийллийг эсэргүүцэж буй бүх хүмүүст.
Эх сурвалж: DW