Феминист панк урсгалын "Pussy Riot" хамтлагийн гишүүн асан уран бүтээлч Рита Флорес (жинхэнэ нэр нь Маргарита Коновалова) ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА)-нд гурван жилийн турш уран бүтээлчид болон улс төрийн идэвхтнүүдийн талаар мэдээлэл дамжуулж байсан тухайгаа мэдэгджээ.

Тэрбээр үүнийг эрүүгийн хэрэг үүсгэх болон төрөл төрөгсдийг нь хөнөөх заналхийллийн дор хийсэн гэж ярьсан байна.

Флоресийг ОХУ-аас гарахад тусалсан өмгөөлөгч Дмитрий Захватовт өгсөн ярилцлага нь наймдугаар сарын 24-ний даваа гарагт PortVideo сувгаар YouTube-д нийтлэгджээ. Түүний ярьснаар, ХАБА-ны ажилтнууд 2023 оны хоёрдугаар сард Москва дахь гэрт нь нэгжлэг хийсний дараа түүнийг хамтран ажиллахыг албадсан байна.

Үүний дараа Флорес ХАБА-нд “Харлей” гэсэн оператив нууц нэртэй болж, хариуцсан ажилтантайгаа холбогдох утас авчээ. Мөн тэр үеэс Pussy Riot-ийн бодит үйл ажиллагаанд оролцохоо больсон байна.

Флоресийн хэлснээр, түүнд ХАБА-ны сонирхож буй хүмүүс, тэдгээрийн ойр орчин, өдөр тутмын амьдрал, дадал зуршлын талаар мэдээлэл цуглуулах үүрэг өгдөг байжээ.

Тэрбээр өгсөн даалгавруудыг аль болох сааруулахыг оролдож байсан гэж мэдэгдээд, гудамжны уран бүтээлч Филипп Козлов (Philippenzo), акционист Павел Крисевич, мөн Pussy Riot-ийн өөр нэг гишүүн Мария Алёхина нарын талаар мэдээлэл цуглуулах ажиллагаанд оролцсоноо ярьжээ.

Пётр Верзиловыг хөнөөх оролдлого

Рита Флорес мөн түүнд Pussy Riot болон “Война” арт бүлгийн гишүүн, Медиазона хэвлэлийн газрын нийтлэгч асан Пётр Верзиловыг хулгайлж, хөнөөх ажиллагаанд оролцох санал тавьсан гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, уг ажиллагаанд оролцохын тулд түүнд 1-3 сая рубль санал болгожээ.

Флорес 2025 оны зун ийм даалгавар авсныхаа дараа өмгөөлөгч Дмитрий Захватовтай холбогдсон байна. Захватов The Insider хэвлэлд өгсөн ярилцлагадаа Флоресийг ОХУ-аас гаргах бэлтгэл ажил ойролцоогоор нэг жил үргэлжилсэн талаар ярьжээ.

Флорес ОХУ-аас ойролцоогоор 10 хоногийн өмнө гарч чадсан байна. Тэрбээр ХАБА-тай хамтран ажиллаж байсан тухайгаа олон нийтэд дэлгэхээр шийдсэн шалтгаанаа ижил нөхцөл байдалд байгаа бусад хүмүүст туслахыг хүссэнтэй холбон тайлбарлажээ.

Мөн өөрийн Instagram хуудсандаа түүнд тусалсан хүмүүсийн дунд өмгөөлөгч Дмитрий Захватовоос гадна ЮКОС компанийн экс топ менежер Леонид Невзлин-ийг нэрлэн талархал илэрхийлсэн байна.

2021 онд Флорес хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ

Рита Флорес 2021 онд хэд хэдэн удаа баривчлагдаж байсан бөгөөд цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр болон нацистын бэлгэдлийг олон нийтэд үзүүлсэн гэх зүйл ангиар хариуцлага хүлээж байжээ.

Тухайлбал, тэрбээр өөрийн цахим хуудастаа Tokio Hotel хамтлагийн хөгжимчин болон хас тэмдэг бүхий зураг нийтэлснийхээ төлөө "нацистын бэлгэдэл сурталчилсан" гэх үндэслэлээр баривчлж байсан аж.

Эх сурвалж: DW