Украинд амьдардаг беларус бүсгүйн эцэг эхэд “эх орноосоо урвасан” хэргээр хорих ял оноожээ. 2025 оны есдүгээр сарын 26-нд Украинд дөрвөн жилийн турш амьдарч байсан Беларусын иргэн Пелагия Корсаковатай аав нь утсаар ярьжээ.
Холбоо маш муу байсан тул аав нь яаралтай эргэн залгахыг хүссэн байна. Пелагия аав руугаа буцаан залгахад түүнд аймшигтай мэдээ дуулгажээ.
Пелагия “Аав ээжийг эмнэлэгт хүргэсэн, тархинд нь харвалт өгсөн гэж хэлсэн. Тэгээд хоёулаа саатуулагдсан гэж ярьсан. Тэр маш их айж сандарсан, бүр уйлж байсан. ‘Чи намайг сонсож байна уу? Сонсож байна уу?’ гэж дахин дахин асууж байлаа” хэмээн дурсжээ.
Удалгүй аав нь утсаа өөр хүнд шилжүүлсэн байна. Утасны цаадах хүн өөрийгөө танилцуулаагүй бөгөөд Пелагияд хандан “Таны эцэг эх саатуулагдсан. Энэ бүхэн тантай холбоотойг ойлгох хэрэгтэй. Беларусь руу буцаж ирвэл бид тэднийг суллана” гэж хэлсэн байна.
Түүнээс хойш Пелагия эцэг, эхтэйгээ дахин ярьж чадаагүй, хэдэнтээ залгасан ч утсаа хэн ч аваагүй аж. Хожим нь тэрбээр ээжийг нь огт эмнэлэгт хүргээгүй байсныг мэджээ.
Гурван хүнд нийт 37 жилийн ял оноов
2026 оны зургадугаар сарын 10-нд Беларусийн нийслэл Минск хотын шүүх Пелагиягийн эцэг, эхэд ял оноосон талаар Беларусийн хүний эрхийн “Вясна” төв мэдээлсэн байна. Өдгөө 57 настай Татьяна Корсакова 12 жилийн хорих ял, 58 настай Дмитрий Корсаков 14 жилийн хорих ял сонсжээ.
Тэднийг эх орноосоо урвасан, хууль бусаар зэвсэг эзэмшсэн, улсын хилээр хууль бусаар зэвсэг нэвтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан байна. Мөн Украинд амьдарч буй охин Пелагия Корсаковаг эзгүйд нь шүүж, эх орноосоо урвасан хэрэгт буруутган, 11 жилийн хорих ял оноожээ.
Ингэснээр нэг гэр бүлийн гурван хүнд нийт 37 жилийн хорих ял ногдуулсан бөгөөд үүнээс гадна 50 мянган беларус рубль (15 мянга гаруй евротой тэнцэх хэмжээний)-ийн торгууль оноосон байна.
Пелагия эдгээр бүх ялыг “утгагүй, бодит байдлаас ангид зүйл” хэмээн үзэж, эцэг эхийнхээ талаар ярих бүрдээ нулимсаа барьж чаддаггүй аж.
Хүүхдүүдийн хайртай багш байсан ээж
Пелагиягийн ээж Татьяна Корсакова Минск хотын Сокол дүүргийн цэцэрлэгт олон жил хүмүүжүүлэгчээр ажиллажээ. Охиных нь ярьснаар тэр зөвхөн энгийн төдийгүй аутизмтай хүүхдүүдтэй ажилладаг тусгай бүлгийг хариуцдаг байсан аж.
Пелагия “Ээжид хүүхдээ өгөхийн тулд дараалал үүсдэг байсан. Зарим эцэг, эх хүүхдээ төрөхөөс нь өмнө бүртгүүлдэг байлаа. Ээж минь үргэлж суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлдэг байсан” гэж хэлжээ.
Харин аав Дмитрий нь мөн л тэр цэцэрлэгт ажиллаж, цахилгаан, засвар үйлчилгээ болон аж ахуйн бүхий л ажлыг хариуцдаг байжээ.

Эсэргүүцлийн жагсаалаас Украин руу
Өдгөө 27 настай Пелагия дүрслэх урлагийн багш мэргэжилтэй, Беларусьт байхдаа цэцэрлэгт, дараа нь кофе шопт бариста хийж байжээ. Тэрбээр 2020 оны Беларусийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна.
Тэр “Би Беларусьт амьдардаг мөртлөө яагаад өөрийн хэлээрээ чөлөөтэй ярьж болохгүй гэж? Манай улсад өнөөдөр ч цаазын ял хүчинтэй хэвээр байна. Энэ бүхэн надад таалагддаггүй байсан” гэж ярьжээ.
Удалгүй цэцэрлэгийн ажлаа орхиж, халагдахаасаа өмнө өөрөө гарах нь дээр гэж бодон, 2021 онд Украин руу нүүсэн байна. Өнөөдөр тэр график дизайнер, контент бүтээгчээр ажилладаг, Оросын довтолгооны дараах аврах ажиллагаанд сайн дурынхныг зохион байгуулах ажилд оролцдог аж.
“Би байх ёстой газраа л байна”
Пелагия Украины дайны бүсэд байнга ажилладаг аж. Тэр “Бөмбөгдөлтийн дараах бүсэд очно гэдэг аймшигтай. Нурангин доороос хүүхдүүдийг гаргаж ирэхийг харах хэцүү. Маргааш чи өөрөө сэрэхгүй ч байж мэднэ гэдгээ ойлгох бүр ч хэцүү. Гэхдээ Украинд үлдсэндээ харамсдаг уу гэвэл үгүй. Би яг байх ёстой газартаа байна” гэжээ.
Түүний үзэж буйгаар Украиныг дэмждэг беларус иргэдийг Беларусийн эрх баригчид “эх орноосоо урвагчид” гэж үздэг байна.
Зул сарын баяраар болсон сүүлчийн уулзалт
2024 оны арванхоёрдугаар сард Пелагия эцэг эхтэйгээ Египетэд уулзжээ. Тэрбээр эцэг, эхдээ аяллын эрх бэлэглэн, бүх төлбөрийг нууцаар төлсөн байна. Тэр “Тэд намайг ирнэ гэж огт мэдээгүй. Би бүхнийг онлайнаар зохицуулаад тасалбарыг нь явуулсан. Дараа нь өөрөө Египетэд очсон” гэж дурсжээ.
Тэр уулзалтаас хойш ердөө есөн сарын дараа Татьяна, Дмитрий нарыг баривчилжээ. Пелагия яагаад эцэг, эхийг нь саатуулсныг өнөө хэр ойлгодоггүй. Түүний таамаглаж буйгаар, 2020 оны жагсаалд оролцсон нь шалтгаан болсон байж магадгүй аж.
Тэр “Тэд одоо хүртэл жагсаалд оролцсон хүмүүсийг хайсаар байна. Беларусьт үлдсэн төрөл садан, найз нөхдөөр нь хүртэл дарамталдаг” гэж хэлжээ.
“Энэ бүхэн яг л хар дарсан зүүд шиг”
Пелагиягийн хэлснээр, эцэг эх нь эхэндээ Беларусийн Улсын аюулгүй байдлын хорооны мөрдөн хорих төвд зургаан сар орчим хоригдож, дараа нь өөр хорих анги руу шилжжээ. Тэр тэднийг одоо хаана байгаа, цаашид хааш нь шилжүүлэхийг мэдэхгүй юм байна.
Түүнд зөвхөн Беларусьт үлдсэн танилуудаас нь хааяа нэг мэдээлэл ирдэг аж. Ээж нь өндөр даралттай, хөлний өвчтэй байсан бөгөөд удаан алхахад хүндрэлтэй байжээ. Тэр “Хорих төвд байснаар биеийн байдал нь улам дордсон байх гэж бодож байна" гэж ярьсан аж.
Харин аав нь өмнө нь эрүүл чийрэг, спортоор хичээллэдэг хүн байсан ч хоригдсоны дараа эрүүл мэндийн асуудалтай болж, эмнэлэгт хэвтсэн тухай мэдээлэл сонссон байна.
“Тэднийг суллахын төлөө юу ч хийхэд бэлэн”
Эхэндээ Пелагия эцэг, эхдээ гай болох вий гэж эмээн, энэ хэргийн талаар олон нийтэд ярихгүй байжээ. Гэвч шүүхийн шийдвэр гарсны дараа тэр чимээгүй суухаа больсон байна.
Одоо тэр олон улсын байгууллагууд болон хүний эрхийн байгууллагуудад хандан, эцэг эхээ хоригдол солилцооны жагсаалтад оруулахын төлөө тэмцэж байгаа аж.
Тэр “Алс байгаа болохоор хийж чадах зүйл хязгаарлагдмал. Гэхдээ би хичээж байна. Миний аав, ээж бол хэнд ч муу зүйл хийж байгаагүй, үнэхээр сайхан сэтгэлтэй, шударга хүмүүс. Тэдэнд тулгаж байгаа бүх ял бол үнэхээр утгагүй зүйл” гэж хэлжээ.
Пелагия хоолой нь зангирч “Надад оноосон 11 жилийн ял огт хамаагүй. Эцэг, эхээ суллахын тулд би амь насаа ч өгөхөд бэлэн байна. Тэд энэ бүх зовлонг туулалгүй, гэртээ харьж, дуртай муурнуудаа илж, тайван сууж, кофе уугаасай гэж л хүсэж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: