Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганы талаар өнөөдөр (2026.06.12) “Чингис хаан” үндэсний музейд хэвлэлийн хурал болж, арга хэмжээний зорилго, ач холбогдол, хөтөлбөрийг танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах тус чуулган энэ сарын 15-наас 20-ны өдрүүдэд “Чингис хаан” үндэсний музейд болно.
Евроази тив нь хүн төрөлхтний олон мянган жилийн түүх, соёлын өвийг хадгалан хамгаалж ирсэн, соёлын харилцаа, солилцооны чухал бүс нутаг юм. Энэхүү өргөн уудам орон зайд үйл ажиллагаа явуулж буй музей, соёлын өвийн байгууллагууд нь хүн төрөлхтний биет болон биет бус өвийг хамгаалах, судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан “Чингис хаан” үндэсний музей нь сүүлийн жилүүдэд олон улсын хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний томоохон соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжийг бүрдүүлээд байна. Үүний тод жишээ нь Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган юм.
Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв Ази болон Европын орнуудад хийсэн төрийн айлчлалуудын үеэр олон улсын музейн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгүүд байгуулсан бөгөөд эдгээр баримт бичигт санхүүжилт, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, туршлага солилцох, олон улсын нээлттэй платформ бий болгох зэрэг чухал заалтууд тусгагдсаныг онцоллоо.
Мөн зөвхөн “Чингис хаан” үндэсний музей төдийгүй Монголын бусад музейн үйл ажиллагааг олон улсын түвшинд сурталчлах, сан хөмрөг, үзмэрүүдийг дэлхийн судлаачид, мэргэжилтнүүдэд таниулах боломж бүрдэж байгааг дурдсан юм.
Чуулганы хүрээнд Хархорин хотод тусгай үзэсгэлэн гаргаж, Монголын археологи, түүх, соёлын өвтэй холбоотой онцгой үзмэрүүдийг олон нийтэд толилуулах юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд Евроазийн төгөл байгуулах зэрэг байгаль орчин, соёлын чиглэлийн томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Форумыг “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” хэмээн нэрлэсэн нь учиртай. Түүхэнд Монголчууд Өрнө, Дорныг холбон улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухааны өргөн хүрээний солилцоог бий болгож байсан бөгөөд энэхүү уламжлалыг орчин цагийн соёлын дипломат ажиллагаагаар үргэлжлүүлэх зорилгыг агуулж байна.
“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Манай музей байгуулагдсанаар Европ, Азийн тэргүүлэх музейн удирдлагуудыг Монгол Улсад урьж, мэдлэг, туршлагын томоохон солилцоог өрнүүлэх боломж бүрдсэн. Энэхүү чуулган нь туршлага хуваалцах, хамтын ажиллагааны шинэ гарцыг нээх, ирээдүйн хөгжлийн чиглэлээ хамтран тодорхойлох чухал талбар болно” хэмээн онцоллоо.
Тэрбээр мөн энэ удаагийн чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож, музейн удирдлага ба бодлого, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, дижитал музей ба инноваци, музейн боловсрол, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, маркетинг болон Евроазийн музейн хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар хэлэлцэхийг мэдээлэв.
Олон улсын музейн зөвлөл (ICOM) 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриан дор зарласан нь өнөөгийн дэлхий дахинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг даван туулахад музейн гүйцэтгэх үүргийг онцолж байгаа бөгөөд энэ нь тус чуулганы үзэл санаатай бүрэн нийцэж байгааг зохион байгуулагчид тэмдэглэлээ.
Чуулганы төгсгөлд оролцогчид Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь, Эрдэнэ Зуу хийд, Түрэг болон Уйгурын хаант улсын өв дурсгалуудтай танилцаж, нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг газар дээр нь судлах юм.
Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар энэхүү форумыг хоёр жил тутам тогтмол зохион байгуулж, Европ, Азийн музейн байгууллагуудын туршлага солилцох байнгын индэр болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Монгол Улсын музейн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь статистик үзүүлэлтээс харагдана. Ковидын цар тахлын өмнөх буюу 2015-2020 онд улсын хэмжээнд 36 музей үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр энэ тоо 40 орчимд хүрчээ. Харин 2020 онд музей үзэгчдийн тоо 689 мянга орчим байсан бол одоогийн байдлаар 1.8 саяд хүрсэн нь салбарын хөгжил, иргэдийн соёлын оролцоо эрс нэмэгдсэнийг илтгэж байна.