Германы канцлер Фридрих Мерц "Орос-Украины хооронд тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоож, энх тайванд хүрэх цорын ганц бодит зам нь Украин, Орос, Европ болон АНУ-ын оролцоотой хэлэлцээ хийх явдал гэж мэдэгджээ. Тэрбээр зургадугаар сарын 11-нд Германы Бундестагт хийсэн засгийн газрын мэдэгдлийн үеэр энэ байр сууриа илэрхийлсэн байна.
Мерц “Украины хувьд бидний зорилго бол шударга, урт хугацаанд тогтвортой энх тайвныг тогтоох явдал. Энэ нь манай аюулгүй байдлын ашиг сонирхлыг ч харгалзан үзсэн байх ёстой. Тиймээс бид Украинд дэмжлэг үзүүлж байна. Энэ бол бодит үнэн. Өнөөдөр ч, шаардлагатай хэвээр байх хугацаанд маргааш ч бид энэ дэмжлэгээ үргэлжлүүлнэ” гэж онцолжээ.
Европын холбоо Украинд 90 тэрбум еврогийн зээл олгоно
Канцлерын мэдээлснээр, Европын Холбоо Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийг баталсан байна. Мерц “Бид Орост үзүүлэх дарамтаа нэмэгдүүлж байна. Оросын ‘сүүдрийн флот’-ын эсрэг илүү хатуу арга хэмжээ авч, 21 дэх багц хориг арга хэмжээг боловсруулах ажлыг эхлүүлээд байна” гэж Мерц мэдэгдэв.
Тэрбээр мөн Оросын хурцадмал байдлыг нэмэгдүүлэх хандлагын эсрэг НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлж буйг дурдаад, “Үүний зэрэгцээ бид Оросын түрэмгий дайныг хэлэлцээний замаар зогсоох хүчин чармайлтыг дэмжиж байна. Тогтвортой энх тайван нь зөвхөн Украин, Орос, АНУ болон Европын оролцоотой яриа хэлэлцээгээр л бий болно. Өөр хувилбар байхгүй” хэмээн онцолсон байна.
АдГ намыг шүүмжилжээ
Мерц үг хэлэх үеэрээ Украины ард түмэн дөрвөн жил гаруйн хугацаанд эрх чөлөөгөө хамгаалан тэмцэж байгааг онцолсжээ. Энэ үеэр парламентын танхимд инээдэм болсны тэрбээр хэт барууны чиг баримжаатай Германы төлөөх өөр сонголт нам (Alternative for Germany)-ын гишүүдэд хандан “Та бүхэн үүнд инээж байгаа нь бэлгэдэлтэй хэрэг. Та нар Украины сая сая хүний хувь заяагаар даажигнаж, Москва руу очиж шампансктай хүлээн авалтад оролцдог. Сайхан аялцгааж байгаарай” гэж шүүмжилжээ. Энэ үгийг сонсоод парламентын танхимд буй хүмүүс алга ташсан байна.
“Украин бол Европын нэг хэсэг”
Мерцийн хэлснээр, Украин улс зөвхөн өөрийн эрх чөлөөг хамгаалаад зогсохгүй Европ тивийн аюулгүй байдал, эрх чөлөөг хамгаалж байгаа аж. Тэр “Украин бол Европын нэг хэсэг. Хэтийн төлөвт Европын Холбооны бүрэн эрхт гишүүн ч болно” гэж онцлон тэмдэглэжээ. Түүний үнэлснээр, Украин 2022 оноос хойш шинэчлэлийн чиглэлээр мэдэгдэхүйц ахиц гаргасан аж.
Украинд ЕХ-ны "хэсэгчилсэн оролцоотой гишүүнчлэл" санал болгожээ
Мерц хэдхэн хоногийн өмнө Украинд Европын Холбооны ассоциатив буюу холбогдсон гишүүний статус олгох санал дэвшүүлснээ дахин тайлбарлав. Энэхүү санал хэрэгжвэл:
-Украин улс Европын Холбооны Зөвлөлийн хуралдаанд тогтмол оролцоно;
-Салбарын сайд нарын зөвлөлийн уулзалтад төлөөлөгчдөө оролцуулах боломжтой болно;
-Брюссель дэх Европын Комисст санал өгөх эрхгүй ч Украины төлөөлөгч ажиллана;
-Европын Парламентын зөвлөлдөх үйл ажиллагаанд Украины төлөөлөгчид саналын эрхгүйгээр оролцох боломжтой болох аж.
Мерцийн хэлснээр, энэ нь Украиныг Европын улс төрийн орон зайд илүү хурдан нэгтгэх алхам болох бөгөөд шинэчлэлийн шалгуур, дүрмийг чанд мөрдөх нөхцөлтэй хэрэгжих юм байна. Тэр “Үүнийг Украины ард түмэн хүсэж байна. Үүнийг Европ ч хүсэж байна. Тиймээс бид энэ замыг хамтдаа туулна” гэж хэлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь Мерцийн дэвшүүлсэн ассоциатив гишүүнчлэлийн саналыг шүүмжилж, Украины хувьд шударга бус хувилбар гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Украин батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлнэ
Украины Дээд Рада зургадугаар сарын 10-нд 2026 оны улсын төсөвт өөрчлөлт оруулж, аюулгүй байдал болон батлан хамгаалах салбарын зардлыг 1.5 их наяд гривнээр (ойролцоогоор 30 тэрбум евро) нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Ингэснээр 2026 онд батлан хамгаалахад зарцуулах нийт хөрөнгө 4.37 их наяд гривнд хүрэхээр болсон байна.
Нэмэлт санхүүжилтийн гол эх үүсвэр нь Европын Холбооноос хэрэгжүүлж буй Украиныг дэмжих санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 45 тэрбум еврогийн санхүүжилт бөгөөд үүнээс 31.8 тэрбум евро нь батлан хамгаалах болон аюулгүй байдлын хэрэгцээнд зориулагдах аж.
2026-2027 онд хэрэгжихээр төлөвлөгдсөн Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийг анх 2025 оны арванхоёрдугаар сард зөвшилцсөн боловч тухайн үеийн Унгарын Засгийн газрын байр сууринаас шалтгаалан удаан хугацаанд гацсан байна. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард Европын Холбооны Зөвлөлөөс Оросын эсрэг 20 дахь багц хориг арга хэмжээтэй хамт баталжээ.
Оросын эсрэг хэрэгжүүлэх 21 дэх багц хориг арга хэмжээг Урсула фон дер Ляйен зургаадугаар сарын 9-нд Брюссель хотноо танилцуулсан байна.
Эх сурвалж: DW