Беларусийн эрх баригчид гадаадын иргэдэд тус улсын Зэвсэгт хүчин болон Дотоодын цэрэгт гэрээгээр алба хаах эрх олгохоор төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд боловсруулсан “Цэргийн алба хаахтай холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зургадугаар сарын 2-нд парламентын дээд танхимын дэргэдэх шинжээчдийн зөвлөл хэлэлцсэн байна.

Албан ёсны тайлбарт уг төслийг Батлан хамгаалах яам боловсруулсан бөгөөд “үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх” зорилготой гэж дурджээ. Одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжоор зөвхөн Беларусийн иргэд гэрээгээр цэргийн алба хаах эрхтэй байдаг аж. Шинжээчид энэ өөрчлөлтийн цаад шалтгаан юу байж болох талаар өөр өөр байр суурь илэрхийлжээ.

Хүн ам зүйн асуудлыг нөхөх оролдлого уу?

Улс төр судлаач Валерий Карбалевичийн үзэж буйгаар, энэхүү санаачилга нь Беларусийн хүн ам зүйн хүндрэл, хөдөлмөрийн нөөцийн хомсдолыг гадаадын иргэдээр нөхөх гэсэн бодлогын нэг хэсэг байж болзошгүй аж.

Түүний "Энэ бодлого нь Африк, Азийн хөгжиж буй орнууд, мөн Ойрхи Дорнодын иргэдэд чиглэж болно. Тэр дундаа Беларусь улсаар дамжин Европ руу нэвтрэхийг зорьдог цагаачдад хандсан байж мэднэ" гэж таамаглажээ. Гэвч тэр ийм бүлгийн хүмүүсээс Беларусийн армид алба хаах сонирхолтой хүн олноор гарч ирнэ гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.

Карбалевичийн хэлснээр, Беларусийн цалин хөлс эдийн засгийн салбарт ч, цэргийн байгууллагад ч олон улсын түвшинд өрсөлдөхүйц биш. Тиймээс боломжтой хүмүүс Беларусьт үлдэхээс илүү Европын орнуудад ажиллах эсвэл, илүү өндөр цалин санал болгодог Оросын армитай гэрээ байгуулахыг сонгох магадлал өндөр ажээ.

Дэглэмийг хамгаалах “преториан хүчин” байгуулах оролдлого байж болох уу?

“Белсат” телевизийн цэргийн шинжээч Дмитрий Мицкевич энэ асуудлыг өөр өнцгөөс харж байгаа аж. Түүний үзэж буйгаар, Беларусийн армид гэрээт цэргийн алба хаагчдын хомсдол бий болсон гэх тайлбар бодит байдалтай төдийлөн нийцэхгүй юм байна. Тэр "Харин ч олон залуус хугацаат цэргийн албыг хаахаас илүү гэрээт албыг сонгох болсон" гэж тайлбарлажээ.

Гэвч шинжээчийн анхаарлыг татаж буй хамгийн чухал асуудал нь гадаадын иргэдийг зөвхөн армид бус, мөн Дотоодын цэрэгт алба хаах эрх олгохоор төлөвлөж байгаа явдал аж. Беларусийн Дотоодын цэрэг өнгөрсөн жилүүдэд улс төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг дарах, жагсаал цуглааныг хүчээр тараах зэрэг ажиллагаанд идэвхтэй оролцож байжээ.

Иймээс Мицкевичийн үзэж буйгаар, энэ алхам нь Лукашенкогийн дэглэмд туйлын үнэнч, орон нутгийн нийгэмтэй холбоогүй тусгай хүчнийг бүрдүүлэх зорилготой байж магадгүй аж.

Түүний тайлбарласнаар, гадаадын гэрээт цэргүүд Беларусийн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай сэтгэлзүйн холбоогүй учраас ямар ч тушаалыг эргэлзээгүйгээр биелүүлэх магадлалтай. Ийм бүтэц нь эртний Ромын эзэнт гүрний хаадыг хамгаалдаг байсан “Преториан гварди”-тай төстэй үүрэг гүйцэтгэж болох нь.

Мөн шинжээч "Лукашенко төрийн аппарат дахь зарим албан тушаалтны үнэнч байдалд удаа дараа эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан тул ийм хүчнийг дотоод тогтвортой байдлыг хангах хэрэгсэл болгон ашиглахыг үгүйсгэх аргагүй" гэж үзэж буй ажээ

Оросын ашиг сонирхолтой холбоотой юу?

Мицкевич бас нэгэн боломжит хувилбарыг дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар, Беларусь улс өөрийн хууль эрх зүйн орчныг өөрчилснөөр Оросын иргэдийг Беларусийн армийн нэрийн өмнөөс цэргийн ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлж байж болзошгүй аж. Өөрөөр хэлбэл, тэр "Оросын иргэд Беларусийн дүрэмт хувцас өмсөн, Украины эсрэг эсвэл Европын бүс нутаг дахь цэргийн ажиллагаанд оролцох хувилбар үүсч болзошгүй" гэж үзэж буй юм байна.

Ийм нөхцөл байдал үүсвэл олон улсын байгууллагууд болон Европын орнуудын хувьд тухайн ажиллагаанд хэн оролцож байгааг шуурхай тогтоох нь хүндрэлтэй болж, улмаар хариу арга хэмжээний чиглэл өөрчлөгдөх эрсдэлтэй гэж тайлбарлажээ.

Түүнчлэн Орос улс гадаадын иргэдийг армид элсүүлэхэд улам хүндрэлтэй болж байгаа энэ үед Беларусь шинэ элсэгчдийг татах завсрын суваг болж ашиглагдаж болзошгүй гэж үзэж буй юм байна.

Оросын цэргийн зааварлагчдыг хууль ёсны статустай болгох зорилго байж болох уу?

Үндэсний аюулгүй байдлын шинжээч Александр Казак дээрх тайлбаруудаас өөр байр суурь илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар, хуулийн өөрчлөлтийн гол зорилго нь Беларусийн армид ажиллаж буй, цаашид ажиллах Оросын цэргийн зааварлагчдад эрх зүйн үндэс бий болгох явдал байж болох аж.

Ялангуяа тэр Украины дайнд оролцож, бодит байлдааны туршлага хуримтлуулсан Оросын цэргийн мэргэжилтнүүд, тэр дундаа “Вагнер” бүлэглэлтэй холбоотой хүмүүсийг Беларусийн армийн сургалт, бэлтгэлд ашиглах сонирхол эрх баригчдад байж болохыг онцолжээ.

Гэвч "Казак Беларусь улс ойрын хугацаанд ямар нэгэн шууд цэргийн довтолгоонд бэлтгэж байна гэсэн дүгнэлт хийхэд эрт байна" гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, ийм хууль нь тодорхой бэлтгэлийн шинж тэмдэг байж болох ч бодит аюул заналын талаар дүгнэлт хийхийн тулд үүнтэй зэрэгцэх олон хүчин зүйл давхар ажиглагдах шаардлагатай аж.

Эх сурвалж: DW