НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын гурав, дөрөвдүгээр тайланг хэлэлцэх үеэр олон улс орноос ирүүлсэн зөвлөмжүүдэд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг онцлон тусгасан байна.

Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, мөн орон нутгийн болон бага орлоготой өрхийн хүүхдүүд, охид эмэгтэйчүүд, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс зэрэг зорилтот бүлгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагыг улс орнууд нийт 20 гаруй зөвлөмжөөр илэрхийлжээ.

Хяналт шалгалтаар илэрсэн бодит нөхцөл байдал

Эрүүл мэндийн салбарын хяналтын байгууллагаас 2023-2025 онд нийт 1109 эрүүл мэндийн байгууллагад хийсэн шалгалтаар зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгааг тогтоосон байна.

Шалгалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээ хангалтгүй, ахмад настанд чиглэсэн хэрэгцээний судалгааг олон байгууллага тогтмол хийдэггүй, хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанд гэрээр үзүүлэх үйлчилгээ хангалтгүй, холбогдох журам, зааврын хэрэгжилт сул байгаа зэрэг зөрчил илэрчээ. 

Тухайлбал, шалгалтад хамрагдсан байгууллагуудын тодорхой хувьд сувиллын байгууллагын 50 хувь, уламжлалт анагаах ухааны эмнэлгийн 27 хувь, СЭМТ-ийн 39 хувь, Өрхийн эрүүл мэндийн төвийн 50 хувь нь ахмад настны хэрэгцээний судалгааг тогтмол шинэчлэн гаргадаггүй байна.

Мөн СЭМТ-ийн 63 хувь нь зорилтот бүлэгт чиглэсэн төрөлжсөн сувилахуй, хөнгөвчлөх, сэргээн засах үйлчилгээ, сэтгэлзүйн болон хоол зүйн зөвлөгөө, гэрийн тусламжийг хангалттай үзүүлдэггүй болох нь тогтоогджээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний доголдол

Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний стандартын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. Үүнд:

-2 сар хүртэлх хүүхдэд гэрийн идэвхтэй хяналт хангалтгүй (46%)
-2-12 сартай хүүхдийн сар тутмын хяналт тогтмол бус (53%)
-1-3 насны хүүхдийн улирлын үзлэг хангалтгүй (54%)
-3-5 насны хүүхдийн тогтмол хяналт, үнэлгээ бүрдээгүй (53%) байна. Энэ нь бага насны хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтын тогтолцоо сул байгааг харуулж буй аж.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний сул тал

Шалгалтаар мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээ хангалтгүй байгааг тогтоожээ. Тухайлбал, СЭМТ-ийн 21 хувь нь цахим бүртгэл, судалгааг тогтмол шинэчилдэггүй, 23 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тусгайлсан үйлчилгээ үзүүлдэггүй, жирэмсний эрт илрүүлэг 90 хувиас доогуур, 11 хувь нь өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдтэй тогтмол холбоотой ажилладаггүй, 9 хувь нь өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг мэргэжлийн шатлалд шилжүүлж, хяналт хангалтгүй хэрэгжүүлдэг байна.

Тогтолцооны нийтлэг асуудлууд

Хяналт шалгалтын дүгнэлтээс үзэхэд, эдгээр асуудал нь төлөвлөлтийн сул байдал, стандартын хэрэгжилт дутмаг, хүний нөөц, санхүүгийн чадавхын хомсдол, хяналт, хариуцлагын тогтолцоо сул зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой аж.

Иймээс зорилтот бүлэгт суурилсан төлөвлөлтийг нэвтрүүлэх, цахим бүртгэл болон гэрийн тусламжийн тогтолцоог бэхжүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулах шаардлагатайг онцолжээ.

Иргэдийн бодит туршлага

Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэдийн дунд явуулсан судалгаагаар 78 хувь нь эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, ачааллыг хамгийн том хүндрэл гэж үзсэн, 34.5 хувь нь эмч, сувилагчийн харилцаа, хандлагыг асуудалтай гэж дүгнэсэн, 14.1 хувь нь бичиг баримт, харъяалал, лавлагааны хүндрэлээс болж үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг гэжээ.