Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Алтан Оюухай" яруу найргийн наадамд яруу найрагч, сэтгүүлч Б.Алтанхуяг түрүүлж, тэргүүн байрын шагнал хүртэв. Түүний тэргүүн байр эзэлсэн шүлгийг уншигач танаа толилуулж байна. 

ТА Ч БАС ҮГҮЙЛДЭГ ҮҮ

Адуу усалж зогсох амгалан үдшээр

Аавыг учиргүй их санадаг

Адуу ом руугаараа усны толионд дугариг зурахад

Аавыг та ч бас үгүйлдэг үү?

Ээж ээ,

Дурсамжийг тань хэлтэлж, шархыг тань хөндөж бичсэн

Дутуу бойжсон энэ хэдэн шүлэг

Хуучин дээлийнх нь сэмэрсэн утсаар

Хуруугаа ороож суухад сэтгэл дүүргэх үнэнийг орлохгүй ээ.

Уйлах тань хүртэл ийм ойрхон, цайлган таныхаа өмнө

Урчихмаар тэр л мөрүүдийг дуудаж хүчрэхгүй ээ.

Зүгээр л,

Шаналал заримд нь үхэл болдог, заримдаа эм байдаг

Шарх эдгэсэн ч дурсамжийн хөндүүр л арилдаггүй юм байна.

Их сургуулиа дүүргэхэд, эцэг хүн болоход

Эвий муу аав минь тэнд зөөлөн инээмсэглээд хүүгээ

Эвийлж зогссон бол гэж санахаас л

Тэнцэж яваадаа үхмээр болдог, энэ амьдралд

Тэгэвч цөхөртлөө зуурдаг, энэ амьдралаас...

Аавыг та ч бас үгүйлдэг үү, ээж ээ

Аль эсвэл ийм яриа хүний зүрхийг

Элсний ширхэг адил үй олноор сэмлэж

Эцэст нь хоосолж орхидог болохоор

Та дөлдөг үү?

Нэг нь уйлж, нөгөө нь шантарч

Нэг нь ууж, нөгөө нь эмтэрч

Гарах нарны тоолонгоор гашуудал тэмтрэгдэх

Гарцгүй тийм гунигийн гүн рүү живээд л байх шиг санагдана.

Өөрсдөөсөө асуугаад үзье л дээ, ээж ээ

Мушгих гээд дийлэхгүй зогссон хивсний чинь нөгөө үзүүрээс

Мойног хуруудаараа аав минь атгаж авсныг,

Уяа нь таарсан хүлгээ уралдуулж чадалгүй ойчоод

Улаан зулга нүүртэй түргэний машинаар ирэхэд

Өөрийгөө буруутгаж, өрцөө цөмлөж зогссон тэр эрийг

Өршөөж үнссэн удаа хоёуланд нь хэд билээ.

Гэгээн бүхнээс хүү нь гэхдээ гэлмэчихээгүй ээ, ээж ээ

Гэтэлж туулсан жаварт он жилүүдийг

Гэсгээж урсгах сайхнаас сайхан нь олон гэдгийг мэднэ.

Үгээр зүрхийг хадаас шиг зурж болдгийг

Үхлээс нь ойлгосон тэр хүний

Үрж гээсэн дурсамжууд л амьдрал байсан гэж санана.

Өөрөөсөө асуугаад үз л дээ, ээж ээ

Өрхөө даялж явахдаа та нулимс унагадаг уу?

Үүр хаяарахтай зэрэгцэж адуун төвөргөөн сонсоогүй жилүүд,

Үсийг тань ганцаардал л үнэрлэх цөхөрсөн шөнүүдийг

Шархиран байж санасан ч хуваалцаж л зүрхлээгүй

Шархтай хүүгээ, уучлаарай, ээж ээ.