Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын төв талбайд Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслол боллоо.
Төрийн ёслолын журамд заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээр төрийн далбааг төв талбайд мандуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Төрийн далбааг төрийн хүндэтгэлтэйгээр мандуулж, “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу” болон Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.
Төрийн далбаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёсны бэлгэдэл билээ. Иймээс төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслол нь эх орон, төр улсаа дээдлэх, үндэсний бахархал, өв уламжлалаа эрхэмлэхийн илэрхийлэл юм.
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс Бүгд Найрамдах засаглалыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь Монголын төр, эрх зүйн хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Энэхүү түүхэн үйл явдлаас хойш 102 жил өнгөрч, монголчууд бид өвөг дээдсийнхээ бүтээсэн тусгаар тогтнол, төрт ёсны үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үүргээ дахин санаж байна.
Төрийн далбаа намирч, Төрийн дуулал эгшиглэх энэ мөч бол монгол хүн бүрийн эх орноороо бахархах, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлах, үндэсний эв нэгдлээ эрхэмлэх утга учиртай билээ.
Монгол Улс мандан бадрах болтугай!










БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 102 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
🇲🇳 1924.11.26 – 2026.11.26 🇲🇳