Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүсэд гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын урьдчилсан үнэлгээ, нөхөн сэргээлтийн талаар мэдээллээ. Түүний мэдээлснээр, түймэр нийт 484 мянган га талбайг хамарсны 431 мянган га нь Нөмрөгийн дархан цаазат газар, 52 мянган га орчим нь түүний орчны бүсэд хамаарч буй аж.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэргэжлийн шинжээчдийн баг байгуулж, орон нутаг болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран түймрийн улмаас учирсан хохирлын үнэлгээг хийжээ. Судалгааны урьдчилсан дүнгээр шатсан талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн зэрэглэлтэй байсан бол 81 мянган га талбай их болон маш их хэмжээний шаталтад өртсөн байна. Түүнчлэн 14.7 мянган га ой түймэрт өртөж, хөрс, ус, ургамал, амьтны амьдрах орчинд тодорхой хэмжээний доройтол үүссэн нь тогтоогджээ.

Сайд Ц.Сандаг-Очир хохирлын үнэлгээ нь эцсийн дүн биш бөгөөд ажлын хэсгийн эхний шатанд гаргасан урьдчилсан тооцоолол гэдгийг онцолсон юм. Хууль хяналтын байгууллагаас шүүх шинжилгээний байгууллагад хандаж, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр хохирлын хэмжээг нарийвчлан тогтоосны дараа эцсийн үнэлгээ гарах аж.

Холбогдох хууль, аргачлалын дагуу хийсэн урьдчилсан үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирлыг 1.2 их наяд төгрөгөөр тооцжээ. Харин улсын тусгай хамгаалалттай газар нутагт учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох хуулийн зохицуулалтын хүрээнд нийт хохирлын хэмжээг 3.3 их наяд төгрөг гэж ажлын хэсэг тайлагнасан байна.

Түймрийг унтраах ажиллагаанд орон нутгийн төсөв, тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хил хамгаалах байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас нийт 346.6 сая төгрөгийн шууд зардал гаргажээ. Хохирлын актыг холбогдох журмын дагуу баталгаажуулан эрх бүхий байгууллагад хүргүүлсэн бөгөөд одоогоор уг асуудал хууль хяналтын байгууллагын хяналт, шалгалтын шатанд үргэлжилж байгаа аж.

Харин түймрийн дараах байгаль орчны нөхөн сэргээлтийн тухайд шинжээчдийн дүгнэлтээр Нөмрөгийн дархан цаазат газрын зарим хэсэгт байгалийн өөрийн нөхөн сэргэх боломж байгаа ч их хэмжээний шаталтад өртсөн талбай, ойн экосистем болон экологийн эмзэг бүсүүдэд төрөөс чиглэсэн нөхөн сэргээлт, хамгаалалт, урт хугацааны мониторинг зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

Экосистемийг нөхөн сэргээх, түймрийн дараах мониторинг, судалгааны ажлыг үе шаттай хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 83.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргаж, холбогдох материалыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна.

Ийнхүү Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн улмаас учирсан байгаль орчны хохирол асар өндөр хэмжээнд хүрсэн нь тогтоогдож байгаа бөгөөд одоо хамгийн чухал асуудал нь хохирлын эцсийн үнэлгээг бодитой тогтоох, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, сүйдсэн экосистемийг нөхөн сэргээх ажлыг үр дүнтэй зохион байгуулах явдал болж байна.

Э.ЦЭЦЭН