Төрийн тэргүүнийг сонгох асуудал бол улс төрийн намуудын тохиролцоо, цаг хугацааны тооцооллоор шийдэгдэх энгийн асуудал биш. Энэ бол Үндсэн хуульт ёс, төрийн залгамж чанар, ардчилсан засаглалын хууль ёсны байдлыг хөндсөн онцгой чухал асуудал юм.

ХҮН намын дарга Т.Доржхандын дэвшүүлж буй асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хэзээ зохион байгуулах тухай маргаанаас илүүтэй Үндсэн хуульд заасан зургаан жилийн бүрэн эрхийн хугацааг хэрхэн зөв хэрэгжүүлэх тухай зарчмын асуудал.

Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгохоор заасан. Гэтэл сонгуулийн товыг яаран тогтоовол бүрэн эрхийн хугацааг богиносгох, эсвэл дараагийн сонгуулийн хугацааг шилжүүлэх замаар эрх зүйн тодорхойгүй байдал үүсэх эрсдэлтэй. Өнөөдөр нэг удаагийн нөхцөл байдлыг шийдэх нэрээр гаргасан буруу шийдвэр маргаашийн төрийн тогтолцоонд сөрөг жишиг болж үлдэж болзошгүй юм.

ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ УЛС ТӨРИЙН ТООЦООНООС ДЭЭГҮҮР БАЙХ ЁСТОЙ

Үндсэн хууль бол Монгол Улсын эрх зүйн тогтолцооны суурь. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зохицуулалт Үндсэн хуультайгаа бүрэн нийцэж байгаа эсэхийг нягталж, шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцээр хянуулах нь зүйтэй. Сонгуулийн хугацаа, бүрэн эрхийн эхлэл, үргэлжлэх хугацаа болон нөхөн сонгуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгомжтой болгох шаардлагатай юм.

Энэ асуудлыг ХҮН намын улс төрийн ашиг сонирхол, сонгуулийн бэлтгэлтэй холбон тайлбарлах нь өрөөсгөл. Монгол Улсад том, жижиг нам гэж байх ёсгүй. МАН, АН, ХҮН болон бусад улс төрийн хүчин Үндсэн хууль, хуулийн өмнө адил тэгш хариуцлага хүлээнэ. Энд хэн хугацаа хожих, хэн сонгуульд ялах тухай бус, төрийн тогтолцоонд ямар зөв жишиг тогтоох тухай яригдаж байгаа билээ

УИХ-ын гишүүний суудал хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөхөд нөхөн сонгуулийн зохицуулалт үйлчилдэгтэй адил төрийн институцийн залгамж чанарыг хадгалах зарчмыг Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудалд ч анхаарах хэрэгтэй аж. Гэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулиар тусгайлан зохицуулагдсан тул үүнийг нарийн хууль зүйн үндэслэлээр шийдвэрлэх ёстой.

Энэ асуудалд УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороо, хуульчид болон Үндсэн хуулийн цэц хариуцлагатай хандах шаардлагатай. Хуулийн өөрчлөлт хийх бол өнөөдрийн асуудлыг аргацаах бус, ирээдүйд дахин маргаан үүсгэхгүй тогтвортой шийдэл байх ёстой юм.

Нэмж өгүүлэхэд, Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард зохион байгуулах нь зүйтэй гэсэн Т.Доржхандын байр суурийг эрх зүйн үндэслэлтэйгээр нягталж үзэх хэрэгтэй санагдана. Сонгуулийн товыг яаран зарлахаас илүүтэй эхлээд хууль, Үндсэн хуулийн зөрүүтэй асуудлаа шийдвэрлэх нь чухал юм.

Сонгууль бол зөвхөн саналын хуудас тоолох үйл явц биш. Энэ бол ард түмний хүсэл зоригийг Үндсэн хуульд нийцүүлэн төрийн эрх мэдэл болгон хэрэгжүүлэх үйл явц билээ. Өнөөдрийн шийдвэр маргаашийн Монголын төрийн жишиг болно. Тиймээс улс төрийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж, Үндсэн хуулиа дээдэлж, төрийн эрх мэдлийн хууль ёсны залгамж чанарыг хамгаалцгаая.

С.МАНДАХ