Зул сарын баярын уур амьсгалыг санагдуулдаг, дэлхийн үзэгчдийн хайртай “Гэртээ ганцаараа” (Home Alone) киноны шинэ үргэлжлэлийг “Disney”-ийн харъяа “20th Century Studios” хөгжүүлж эхэлжээ.
Анхны хоёр ангид Кевин МакКалистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Маколэй Калкин шинэ кинонд эргэн тоглох бөгөөд зохиолын ажилд ч өөрийн биеэр оролцож буй юм байна.
“Variety” сэтгүүлийн мэдээлснээр, шинэ киноны зохиолыг Сет Роген, Эван Голдберг нар бичиж байгаа аж. Тэд мөн өөрсдийн “Point Grey Pictures” продакшнаар дамжуулан киноны продюсероор ажиллах юм байна. Харин Маколэй Калкин зохиол боловсруулах үйл явцад хамтран оролцож байгаа нь шинэ бүтээлд түүний оролцоо зөвхөн жүжиглэлтээр хязгаарлагдахгүйг харуулж буй аж.
Одоогийн байдлаар шинэ киноны үйл явдал болон бусад жүжигчдийн бүрэлдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй юм байна. Түүнчлэн найруулагчийн нэр, зураг авалт эхлэх хугацаа, кино театруудаар нээлтээ хийх тов хараахан тодорхой болоогүй байгаа аж.
Маколэй Калкин 1990 онд нээлтээ хийсэн “Гэртээ ганцаараа” кинонд дөнгөж есөн настайдаа тоглосноороо дэлхий дахинаа алдаршсан билээ. Тэрбээр 1992 онд үзэгчдийн хүртээл болсон “Home Alone 2: Lost in New York” кинонд Кевиний дүрээ дахин бүтээсэн ч түүнээс хойших цувралын ангиудад оролцоогүй юм.
Ийнхүү шинэ үргэлжлэл төлөвлөсний дагуу бүтээгдэж, Калкин дүрдээ эргэн ирвэл тэрбээр 34 жилийн дараа “Гэртээ ганцаараа” франчайзын бүрэн хэмжээний кинонд Кевин МакКалистерийн дүрийг дахин бүтээх гэж байна.
Эх сурвалж: VARIETY, THE WRAP