Чингис хаан Үндэсний музей Монголын түүх, төрт ёсны уламжлал, соёлын өвийг судалж, эх орондоо болон дэлхий дахинд таниулахыг зорьж, дэлхийн урлагийн сор бүтээлийг Монголын үзэгчид эх орондоо үзэж, танин мэдэх боломжийг бүрдүүлсээр ирсэн.

Тус музейгээс Италийн Дорно Дахины Урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээж, Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улс болох Ил Хаант улсын өв соёлтой холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа үзэх боломжийг Чингис хаан Үндэсний музейгээс үзэгчдэдээ (2026.11.23) олгож байна.

May be an image of text

Тус үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын эзэнт улсын хаадын ивээл дор Өрнө дорнын соёл урлаг, уран баримал, шаазан эдлэлийн урлал, барилга архитектур хэрхэн хөгжсөн, мөн монгол хаад өөрсдийн нүүдэлчдийн соёл, уламжлал, хэв маягийг хадгалан авч үлдсэнийг харуулж буй.

Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаадын түүх соёлд хамаарах дурсгалуудыг хадгалж буй Итали улсын Турин хотын Дорно дахины Урлагийн музейтэй хамтран 13 дэсийн 13 үзмэрийг тусгай үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.

May be an image of text

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ССАЖЗ-ын сайдын мэндчилгээг тус яамны СУБЗГ-ын дарга Д.Наранцэцэг уншиж танилцуулсан бөгөөд, мэндчилгээнд “Өнөөдөр бид найман зууны тэртээх Монголын их хаадын үндэслэн тогтоосон их түүхийн зурваст бүтээгдсэн аугаа их өв соёлын нэгэн хэсэг болох Ил хаант улсын үеийн Персийн урлалын дурсгалуудыг эх төрхөөр нь Монгол түмэндээ толилуулж байна.

Энэхүү тусгай үзэсгэлэн нь Монгол Италийн соёлын хамтын ажиллагаа идэвхжиж байгаагийн илэрхийлэл бөгөөд хоёр тал орон зайн хол ойр, саад бэрхшээлээс үл хамааран хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг нотолж буйн жишээ болж” гэдгийг тодотголоо.

viber_image_2026-11-23_15-55-08-443.jpg

Нээлтийн үеэр Чингис хаан Үндэсний музейн дэд захирал, доктор Д.Эрдмаа “XIII зуунд Чингис хаан болон түүний залгамжлагчдын байгуулсан эзэнт гүрэн Евроазийн өргөн уудам нутгийг хамарч, өрнө, дорнын соёлын харилцааг тэлсэн билээ.Тэр үеийн өөрчлөлт исламын ертөнцөд ч гүн ул мөрөө үлдээсэн юм.

Үзэсгэлэнд дэлгэсэн Персийн шаазан эдлэлийн хээ угалз, уран барилгын шавар чимэглэлийн нарийн хийцэд тэр цагийн урчуудын ур чадвар, гоо зүйн мэдрэмж шингэжээ. Эдгээр эх үзмэрээр дамжуулан бид Ил хаант улсын үеийн урлагтай танилцаж, Монголын түүхийг Евроазийн соёлын харилцааны өргөн хүрээнд эргэцүүлэн харах боломжийг олгож буй” гэлээ.

viber_image_2026-11-23_15-53-44-768.jpg

Мөн үзэсгэлэнг нээж Турин хотын Дорно Дахины Урлагийн музейн захирал, орчин үеийн урлагийн куратор Давиде Куадрио хэлэхдээ “Хоёр музейн хамтын ажиллагааны хүрээнд Занабазарын хоёр шилдэг бүтээлийг манай музейд хүлээн авч Боргезейгийн галерейд дамжин үзүүлсний дараа бид МАО-ийн цуглуулгаас сонгосон керамик эдлэлийн чухал цуглуулгыг Монголын үзэгчдэд хүргэж байна.

Манай үзмэрүүдийн 3 бүтээл нь XII-XIV зууны хооронд Персийн керамикийн онцлог байсан хэлбэр, техник чимэглэлийн хэл найруулгын олон талт байдлыг харуулж байна.Үзэсгэлэн нь түншүүдийн харилцааг гүнзгийрүүлж цаашид улам хөгжих боломжит бат бөх суурийг тавилаа хэмээн онцоллоо.

920413115_30367157459540168_4455908384863403228_n.jpg

Тус үзэсгэлэн Монголын эзэнт улс, Монголын соёлыг дэлхийд сурталчлах том үүд болох бөгөөд, тус музейд олон улсын өндөр түвшний үзэсгэлэнг эх нутагтаа зохион байгуулж, дэлхийн шилдэг өвүүд, Монгол өв соёлын тусгай үзэсгэлэнг цаашид зохион байгуулах үүдийг нээсээр байгаа бөгөөд, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалын хөгжилд чухал хөшүүрэг болох эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой.

“Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн нь Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болох бөгөөд тасалбарын үнэ 20 мянган төгрөг байна.

916295422_30367364182852829_7592288897814675944_n.jpg

“Чингис хаан” үндэсний музейн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, куратор Б.Батбаатар “Өмнө нь Европ, Евроази болон дэлхийн бусад улс оронд монголчуудын эрхшээлд байсан үеийг зөвхөн булаан эзлэлт, эзлэн түрэмгийлэл, сүйрэл дагуулсан үйл явдал хэмээн тайлбарлах нь түгээмэл байсан.

Харин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд дэлхийн эрдэмтэд энэ түүхийг өөр өнцгөөс судалж, Монголын их хаадын ивээл дор шинжлэх ухаан, соёл, урлаг өндөр түвшинд хөгжиж байсныг хүлээн зөвшөөрөх болсон. Энэхүү үзэл, судалгааны шинэ чиг хандлагын хүрээнд уг үзэсгэлэнг дэглэн толилуулж байна.

Энэ удаа Италийн Дорно дахины урлагийн музейгээс нийт 13 ширхэг шаазан болон шавар эдлэл, гоёл чимэглэлийн бүтээлийг Монгол Улсад авчирсан. Эдгээр нь тухайн цаг үед Монголын хаадын эрхшээл, ивээл дор байсан газар нутагт бүтээгдсэн түүх, соёлын үнэт өв юм.

Тухайлбал, монголчуудын байлдан дагууллын өмнөх үед Персийн уламжлалт урлаг тодорхой хэмжээгээр уналтад орж, хөгжлийн зогсонги байдалд хүрсэн байсан гэж үздэг. Харин 1256 онд Хүлэгү хаан Исламын ертөнцөд Ил хаант улсыг байгуулснаар тухайн бүс нутгийн урлаг, соёл, шинжлэх ухааны олон салбарыг өөрийн ивээлд авч, хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.

Үүний үр дүнд өмнө нь доройтож байсан урлаг, соёл, одон орон зэрэг шинжлэх ухааны салбар эрчимтэй хөгжсөн байдаг. Түүний бодит илэрхийлэл нь үзэсгэлэнд дэлгэн харуулж буй шавар, шаазан эдлэл, чимэглэлийн бүтээлүүд” гэв.

 

Дашрамд мэдээлэхэд, МАО нь Итали улсын Турин хот дахь Дорно Дахины урлагийн музей (Museo d’Arte Orientale) бөгөөд Европ дахь Азийн урлагт зориулсан томоохон музейн нэг бөгөөд 2008 онд хотын төвд орших түүхэн Палаццо Маццонис ордонд нээгдсэн байна.

Музейн цуглуулгууд нь Өмнөд Ази, Хятад, Япон, Гималайн бүс нутаг болон Исламын ертөнцийг хамардаг. МАО нь Торино музейн сангийн (Fondazione Torino Musei) бүрэлдэхүүнд багтдаг, уг сан нь Чингис хаан Үндэсний музейтэй хамтран өнгөрсөн хоердугаар сард Турин хотод “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэн зохион байгуулсан бол, одоо Улаанбаатарт "Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг" үзэсгэлэнг ийнхүү дэлгэв.

926873792_30367153812873866_1792085665754529185_n.jpg

914872716_30367155376207043_2603212387776885831_n.jpg

910463233_30367155496207031_5379504532417709327_n.jpg

916697160_30367153679540546_3733064567712830289_n.jpg

920717643_30367153749540539_8346124286457635899_n.jpg

928222494_30367159479539966_1931129961254050737_n.jpg

914585271_30367156049540309_2087733622725535749_n.jpg

Э.ЭГШИГЛЭН