УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Монголбанкны санхүүгийн бие даасан байдал, өмнөх Засгийн газруудын хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийн үр дагавар, Салхитын мөнгөний орд болон ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудал хөндөгдлөө.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Салхитын мөнгөний ордыг төрд хураан авч, ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд ашиглахаар шийдвэрлэж байсан ч уг ордтой холбоотой санхүүжилт бодит үр дүнгээ өгөөгүй, харин Монголбанкинд их хэмжээний авлага болон үлдсэн асуудлыг тодруулсан юм.

"Салхитын мөнгөний орд"-той холбоотой 850 тэрбум төгрөгийн авлага бий

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа 2019 онд хэрэгжүүлсэн ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр тухайн үед 422 мянган ахмад настныг хамруулж, зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох, нэг сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад зээлийн үлдэгдэлтэй нь уялдуулан мөнгө олгох шийдвэр гаргасныг дурдсан юм.

Гэвч мэдээлэлгүй байсан зарим ахмад уг бодлогын үр шимийг хүртэж чадаагүй, тэгш бус байдал үүссэн талаар шүүмжилж, цаашид тэтгэврийн зээлийн хэмжээ нэмэгдэх хүлээлтээр ахмадууд зээл авах хандлага гарч буйг онцоллоо.

Мөн "Салхитын мөнгөний орд"-ыг төрийн мэдэлд авч, түүний орлогоор тэтгэврийн зээлийн өрийг барагдуулахаар төлөвлөсөн боловч ордтой холбоотой үйл ажиллагаа зогсонги байдалд орж, санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй талаар хөндөв.

Үүнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Салхитын мөнгөний ордтой холбоотой өр, авлага Монголбанкны нийт авлагын хэдэн хувийг эзэлж байгааг асуусан юм.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Эрдэнэс бондтой холбоотой авлага 850 тэрбум төгрөг байна. Засгийн газар болон Төв банкны хоорондын өглөг, авлагын тооцоо 1.5 их наяд төгрөг орчим байгаа. Үүний 50-иас дээш хувь буюу 850 тэрбум төгрөг нь Эрдэнэс бондын авлага" хэмээн хариулав.

Ипотекийн хөтөлбөрийг 2028 онд Засгийн газарт бүрэн шилжүүлнэ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газар хариуцах ёстой байтал Монголбанк олон жил санхүүжүүлж ирсэн нь ямар хэмжээний өр, санхүүгийн дарамт үүсгэсэн талаар тодрууллаа. Тэрбээр цаашид ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг асуусан юм.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт энэ талаар

  • Ипотекийн зээлийг өнгөрсөн хугацаанд Монголбанк санхүүжүүлж ирсэн.
  • 2024 оноос Хуримтлалын сангийн тодорхой эх үүсвэрээр санхүүжүүлж эхэлсэн.
  • Энэ жилийн хувьд төсвийн шинжтэй үйл ажиллагаатай холбоотой тооцоо хийж, бонд гаргахаар шийдвэрлэсэн.
  • Цаашид ийм төрлийн төсвийн шинжтэй хөтөлбөрийг Төв банк санхүүжүүлдэг тогтолцоог зогсоох шаардлагатай.

Түүнчлэн Монголбанкны эзэмшилд ипотекийн зээлээр баталгаажсан дөрвөн их наяд төгрөгийн үнэт цаас байгаа талаар мэдээлэв.

Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх асуудлыг Орон сууцны төрөлжсөн банкны тухай хуулийн төсөлтэй уялдуулан шийдвэрлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ 2027 онд бэлтгэл ажлыг хангаж, 2028 онд ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх зохицуулалтыг 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ

Чуулганы хуралдааны эхэнд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулахдаа Төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Түүний танилцуулснаар:

  • Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг;
  • 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөг;
  • Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн байна.

Монголбанкнаас "Эдгээр үзүүлэлтэд сүүлийн 14 жилийн хугацаанд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр болон бусад төсвийн шинжтэй санхүүжилтэд нийт 15.8 их наяд төгрөг зарцуулсан нь нөлөөлсөн" гэж тайлбарлав.

Цаашид Төв банканд төсвийн шинжтэй хөтөлбөр, үйл ажиллагааг хариуцуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Төв банкны хуулийг 22 удаа өөрчилсөн

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат Монголбанкны санхүүгийн бие даасан байдалд УИХ-аас баталсан хууль, тогтоолууд хэрхэн нөлөөлж байгаа талаар асуулт тавив.

Тэрбээр УИХ-аас баталсан зарим хууль, тогтоолоор дамжуулан Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой төсвийн шинжтэй үйл ажиллагааг Монголбанкаар санхүүжүүлэх нөхцөл бүрдүүлдэг эсэхийг тодруулсан юм.

Харин Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт Төв банкны тухай хуульд нийт 22 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд бусад хуулийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах явцад Төв банкны тухай хуульд давхар заалт нэмж тусгах замаар төсвийн шинжтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломж бүрдүүлж ирснийг хэллээ.

Мөн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог ил тод болгох шаардлагатайг онцлов. Тухайлбал, компаниуд ямар хэмжээний бараа, бүтээгдэхүүний нөөцийг ямар үнээр бүрдүүлсэн, жижиглэнгийн худалдаанд ямар хэмжээний ашиг нэмсэн зэрэг мэдээлэл ил тод байх ёстой. Ингэснээр үнийн өсөлт, зах зээлийн гажуудлыг хянах боломж нэмэгдэнэ гэж тайлбарлав.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн өргөн мэдүүлж буй хуулийн төсөлд Төв банкны тухай хуульд бусад хуулиар дамжуулан өөрчлөлт оруулахыг хязгаарлах зохицуулалт туссан талаар мэдээллээ.

2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ямар өөрчлөлт тусгав?

Монголбанкны танилцуулснаар ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хязгаарлах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг тусгажээ. Үүнд:

1. Төсөв болон мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулж, хуульчлах;
2. Төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх;
3. Валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох;
4. Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог сайжруулах;
5. Банкны салбарын засаглалыг бэхжүүлэх;
6. Санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх зэрэг асуудал багтжээ.

Мөн Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль болон Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан юм.

Э.ЦЭЦЭН