УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдөр (2026.11.20)-ийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга Түндэвийн Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явууллаа.
Санал хураалтад нийт 78 гишүүн оролцсоноос 57.7 хувь нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив. Ийнхүү УИХ-ын нэгдсэн хуралдаанаар холбогдох тогтоолыг баталж, Т.Жамбаажамцыг СЗХ-ны даргын албан тушаалаас чөлөөллөө.
Хоёр долоо хоногийн өмнө чөлөөлөх саналыг дэмжээгүй
Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 6-нд анх хэлэлцэж, нууц санал хураалт явуулсан боловч гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй юм. Тухайн санал хураалтад 94 гишүүн оролцсоноос 54 нь чөлөөлөхийг дэмжээгүй тул тэрбээр албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах болсон.
Энэ сарын 18-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан талаар танилцуулж, холбогдох саналыг байнгын хороонд оруулжээ.
Улмаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь чөлөөлөх саналыг дэмжсэнээр асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр болсон юм.
Т.Жамбаажамц СЗХ-ны даргаар нэг жил 10 сар ажиллажээ
Түндэвийн Жамбаажамцыг 2025 оны нэгдүгээр сарын 16-нд тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилж байв.
Тэрбээр 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд ажилласан бөгөөд үнэт цаасны зах зээл, хяналт шалгалт, хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж, улмаар тус хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.
СЗХ-ны даргаар томилогдсоноосоо хойш нэг жил 10 сар ажилласан Т.Жамбаажамц өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.
Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга, дэд дарга болон орон тооны бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах талаар мэдээлсэн байна.
С.МАНДАХ