Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.11.20)-ийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Уг асуудлыг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд УИХ-ын дарга С.Бямбацогт Т.Жамбаажамцыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг танилцуулсан.

Энэхүү саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, А.Ариунзаяа нар уг асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ө.Шижир санхүүгийн салбарт олон жил ажиллаж, мэргэжлийн ур чадвар, туршлагаараа шатлан дэвшсэн төрийн албан хаагчийг чөлөөлж байгаа нь төрийн албанд мэргэжлийн хүмүүс ажиллах сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолсон юм.

Мөн СЗХ-ны үйл ажиллагаа, санхүүгийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг цогцоор нь хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр "Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт актив 2016 онд 535 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 10.21 их наяд төгрөгт хүрч, бараг 20 дахин өссөн. Гэвч энэ өсөлт санхүүгийн зах зээлийн хөгжил гэхээс илүүтэй иргэд өндөр хүүтэй зээлийн дарамтад орж байгааг илтгэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа төрийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай албан хаагчид улс төрийн болон удирдлагын шахалтаас үүдэн “өөрийн хүсэлтээр” ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсдэг асуудлыг хөндөв.

Тэрбээр төрийн албан хаагчдыг ажлын байрны дарамт, хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчныг сайжруулж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцид нэгдэх шаардлагатайг онцолсон юм.

С.Бямбацогт: ББСБ-ын зээлийн хүүг бууруулах шаардлагатай

УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны даргыг чөлөөлөх саналаа тайлбарлахдаа банк бус санхүүгийн байгууллагын салбарын огцом тэлэлт, зээлийн хүүгийн өндөр түвшин иргэдэд санхүүгийн томоохон дарамт учруулж буй талаар онцолсон.

Түүний танилцуулснаар, өнөөдрийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын зээлийн жилийн дундаж хүү 45 хувь, аппликэйшний зээлийн хүү 60 хувь байгаа бол арилжааны банкны зээлийн жилийн хүү 18 хувьтай байгаа аж.

Тэрбээр тухайлбал, иргэн 10 сая төгрөгийн зээл авахад арилжааны банканд жилийн 1.8 сая төгрөгийн хүү төлөх бол банк бус санхүүгийн байгууллагад 6 сая төгрөгийн хүү төлөх нөхцөл үүсэж байгааг жишээ татан тайлбарласан.

Мөн 2021 онд банк бус санхүүгийн байгууллагуудын нийт актив 2 их наяд төгрөг байсан бол 2026 онд 10 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ хугацаанд зээлдэгчдийн тоо 750 мянгаас 3.56 сая болж, нийт зээлийн үлдэгдэл 1.6 их наяд төгрөгөөс 8 их наяд төгрөг болж тав дахин өсжээ. Түүнчлэн чанаргүй зээлийн хэмжээ 162 тэрбум төгрөгөөс 764 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.

С.Бямбацогтын хэлснээр, иргэдийн орлого амьжиргааны зардлаа нөхөхөд хүрэлцэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбоотойгоор өрхийн зарлага орлогоосоо давж, амьдралаа залгуулахын тулд өндөр хүүтэй зээл авахад хүрч байгаа аж.

Иймд банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг 45 хувиас 30 хувь, аппликэйшний зээлийн хүүг 60 хувиас 40 хувь болгон бууруулах боломжийг судлаач, эдийн засагчид дэвшүүлж буй талаар дурдсан. Мөн СЗХ болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцлов.

Тухайлбал, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль 2002 онд, Даатгалын тухай хууль 2005 онд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2004 онд батлагдсанаас хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй байгааг тэмдэглэсэн.

Өчигдрийн хуралдаанаар СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналын эцсийн санал хураалтыг явуулаагүй, уг асуудлаарх санал хураалтыг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны Баасан гарагийн 10:00 цагт явуулахаар хойшлуулсан юм.

Нэмж өгүүлэхэд, УИХ-ын дарга С.Бямбацогт бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш анх удаа Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн ч гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.

Уг нь УИХ-ын дарга бол парламентын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг, төрийн гурван өндөрлөгийн нэг. Гэтэл шинэ албан тушаалд томилогдсоныхоо дараа УИХ-д оруулсан анхны томоохон саналаа танхимынхаа олонхоор дэмжүүлж чадаагүй нь анхаарал татаж буй.

Гэсэн хэдий ч С.Бямбацогт дарга СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг дараагийн хоёр долоо хоног дараалан чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. 

Сонирхолтой нь, Т.Жамбаажамцыг СЗХ-ны даргаар 2025 оны нэгдүгээр сарын 16-нд тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшүүлж, томилуулж байв.

Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангийн үед томилогдсон СЗХ-ны даргыг одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт чөлөөлөхөөр асуудал оруулж ирсэн билээ

С.МАНДАХ